Л.Пүрэвсүрэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-22 15:31:49

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Бүсийн зарим орны Сонгуулийн төв байгууллагын ахлах албан тушаалтнуудын туршлага солилцох уулзалт” семинарт оролцож байгаа Бүгд Найрамдах Киргизстан Улсын Сонгуулийн ерөнхий комиссын орлогч дарга хатагтай Айнура Шаймкулова, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Сонгуулийн Тусгай комиссар ноён М.М.Мохамед, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн Эмэгтэй гишүүдийн ажлын албаны дарга хатагтай Тависай Фасатан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Сайд Л.Пүрэвсүрэн семинарт оролцож буй төлөөлөгчдэд баяр хүргэж, бүс нутагт ардчиллыг түлхүү  хөгжүүлэх, тухайлбал бүсийн хэмжээнд сонгуулийн зохион байгуулалтыг сайжруулахын тулд сонгууль удирдах байгууллагууд хооронд мэдлэг, туршлагаа харилцан солилцох, шилдэг туршлагыг хөхиүлэн дэмжих хэрэгцээ шаардлага байсаар байгааг тэмдэглэв.

Мөн цаашид энэ хүрээнд хэрхэн хамтран ажиллах, сонгуулийн байгууллагын чадавхийг тасралтгүй бэхжүүлэх зорилго бүхий бүсийн сургалтын төв бий болгох, бүс нутгийн хэмжээнд сургалт, хамтын ажиллагааг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулах эхлэлийг тавих чиглэлээр хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.

Семинарт Улсын их хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Олон улсын хамтын ажиллагааны сангийн захирал Ц.Жамбалдорж, Гадаад хэргийн яамны Дипломат академийн захирал Х.Бэхбат, СЕХ, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Удирдлагын академи, Сонгогчдын боловсрол төв ТББ, Чөлөөт шударга сонгуулийн ажиглагч ТББ, судлаач мэргэжилтнүүд оролцож байна.

Семинарын үеэр “Монгол Улсын сонгуулиудын зохион байгуулалт, ололт, амжилт, туршлага”, “Иргэний шинэчилсэн бүртгэл ба сонгогчдын нэрсийн жагсаалт”, “Сонгуулийн байгууллагын бие даасан болон үйл ажиллагааны ил тод байдал”, “Санал тоолох машин, биометрийн мэдээллээр сонгогчийг таних зэрэг аргыг мэдээлэл, харилцааны технологт ашиглах нь” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

2015 онд Киргиз, Шри Ланка-д болсон сонгуулийн дүнг хэлэлцэж, 2016 онд Монгол, Лаост болох сонгуультай холбогдуулан санал солилцож, туршлага солилцох зорилгоор Олон улсын хамтын ажиллагааны сан Сонгуулийн Ерөнхий хороо, Дипломат Академи, Нээлттэй нийгэм форумтай хамтран энэ удаагийн семинарыг зохион байгуулж байгаа ба семинар 12 дугаар сарын 21-22-ны хооронд хоёр  өдөр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ