Зохиолчдын хөргөөр чимсэн цагалбар худалдаанд гарах нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-25 16:25:36

Гэрэл зурагчин Ө.Баттайваны Монголд анх удаа утга зохиолын мастеруудын хөргөөр бүтээсэн 2016 оны цагалбар айл бүрийн хойморт залрахад бэлэн боллоо.

Тэрбээр хэлэхдээ, “Монголын зохиолчдын хөргөөр бүтсэн цагалбар болж буйгаараа онцлогтой. Хүүхэд залуус зохиолчдын зөвхөн зохиол бүтээлийг нь уншдагаас биш дүр төрхийг нь сайн мэддэггүй. Тиймээс энэ эрхэм хүмүүсээ дээдлэх, зохиол бүтээлийг нь таниулахыг зорьсон. Зохиолчдын хөрөг зураг авах ажиллагаа нэг жил үргэлжилсэн” гэв.

Яруу найрагч Ш.Дулмаа, “Цаг тооны нарийн бичигт хүний амьдрал, улсын амьдрал багтдаг. Уран зохиолын амьдрал гэдэг бол хүн төрөлхтний түүхтэй салшгүй холбоотой, энэ амьдралыг маань мөнхөлж үлдээж байгаад баярлаж байна” гэв.

Энэхүү цагалбарт Дэлхийн Урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, зохиолч Д.Урианхай, СГЗ, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ш.Дулмаа, Төрийн шагналт, Ардын уран зохилч Ш.Сүрэнжав, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Б.Догмид, СГЗ, Төрийн шагналт, яруу найрагч Д.Цоодол, СГЗ Ү.Хүрэлбаатар, яруу найрагч Б.Галсансүх, Р.Эмүжин, Г.Аюурзана зэрэг зохиолчдын хөрөг багтжээ.

Энэ цагийн  эгэлгүй яруу найрагчдын хөрөг зураг бүхий “Монгол зохиолч 2016” цагалбар 15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд өнөөдрөөс эхлэн “Интерном” номын дэлгүүрт худалдаанд гарч эхэллээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ