Хан-Уул дүүрэгт 150 ортой цэцэрлэг ашиглалтад оров

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2015-12-25 16:44:02

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Нисэхэд  150 ортой 230 дугаар цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ.

Ингэснээр тус дүүрэгт шинээр ашиглалтад орж байгаа 5 дахь цэцэрлэг  болж байна. Өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авсан юм.

Шинэ цэцэрлэгийг Хан-Уул дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгө оруулалт буюу 1,2 тэрбум төгрөгөөр “Баяарс констракшн ХХК” барьжээ. Одоогийн байдлаар 236 хүүхэд багачууд 6 бүлэгт хуваагдан энэхүү цэцэрлэгт сурч, хүмүүжиж байна. 

Мөн Хан-Уул дүүргийн 10, 14 дүгээр хороонд 2 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор удахгүй ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

 Нээлтэд Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, ХУД-ийн ИТХ-ийн дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг болон бусад албаны хүмүүс, багш ажилчид, эцэг эхчүүд оролцов.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ