З.Энхболд: Орон сууцны зээлийн хүүг 6 хувь болгох боломж бий

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2015-12-25 17:03:48

УИХ-ын дарга З.Энхболдоос орон сууцны 8 хувийн зээлийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-“Буянт-Ухаа 2” хорооллын байр ашиглалтад орлоо. Уг байранд орохоор өргөдөл өгөөд байсан 200 гаруй иргэн ипотекийн зээл зогссоноос үүдэн байрандаа орж чадахгүй болсон гэсэн?

-Зээл олголт зогсоогүй байсан бол өнөөдөр 200 гаруй иргэн байрныхаа түлхүүрийг гардаж аваад шинэ жилээр байрны найраа хийх байлаа. Тэгэхээр энэ байранд орж болох 1620 айл хохирч дахин сараар хойшилж байна. “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” гэхэд л цалингаа тавьж чадахгүйд хүрсэн байна. Энэ мэтчилэн маш олон хүнийг хохироосон шийдвэр гаргаснаа ҮХЦ ойлгохгүй байна. Аль нэг хуулийн заалтыг хүчингүй болгох амархан ч үр дагаварыг нь тооцох хэрэгтэй.

-Ипотекийн зээлийн асуудлыг хэдийгээр шийдэх вэ?

-Цагаан сараас өмнө энэ асуудлыг шийдэх болно.

-Найман хувийн зээлийг 4 болон 6 хувь болгох боломж бий гэдэг асуудал хөндөх болсон Ийм боломж бий юу?

-Би энэ талаар өөрийн цахим хуудсандаа бичсэн. Найман хувийн зээлийг анх эхлүүлж байхад манай улсын инфляци 14 хувьтай байсан. Одоо инфляци 3.5-3 хувь руу орж байна. Энэ бол хүүг бууруулах бодит нөхцөл бий болж байна гэсэн үг. 30 хувийн урьдчилгааг 10, 20 хувь болгож, зээлийн хүүг 6 болгох боломж бий. АНУ-д л гэхэд ипотекийн зээлийг иргэний ажил, орлогоос хамаараад 30 гаруй хэлбэрээр олгодог. Тэгэхээр манайд дор хаяж 2 хувилбараар олгох боломж байгаа эсэхийг судалж байна.

-Иргэд 10 хувийн урьдчилгааг мөн хүлээж байна?

-Урьдчилгаа 10 хувь боллоо ч сарын төлбөр төлөлт нь өндөр байвал иргэд хүнд байдалд орно. Тиймээс иргэний сарын орлоготой нь уялдуулах бодлогыг баримтлах ёстой гэж бодож байгаа. Ямар ч байсан инфляци 3 хувь болсон учраас 8 хувийг бууруулах боломжтой гэдэг нь тодорхой.

-Цэцийн шийдвэрийг буцаачихвал одоо үүсээд буй эрсдлүүд шийдэгдэнэ гэж ойлгож болох уу?

- Тийм. Хэвийн үргэлжилж байсан зээл шүү дээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ