Монгол Иранаас нефть импортлох хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-30 09:21:49

ТЕГЕРАН. /Mehrnews/. Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ираны Нефтийн сайд Бижан Занганетэй уулзаж, Ираны нефтийг импортлох болон монгол ажилтнуудыг Иранд сургах асуудлаар хэлэлцээ хийсэн байна.

Нефтийг тээвэрлэх асуудалд Монгол болон БНХАУ тохиролцоонд хүрсэн тохиолдолд Монгол руу Иран нефть нийлүүлэх боломжтой гэж тус улсын Нефтийн сайд Бижан Намдар Зангане Л.Пүрэвсүрэнтэй уулзсаныхаа дараа мэдэгдэв.

Төв Азийн далайд гарцгүй Монгол Улсад нефть нийлүүлэх арга замуудыг талууд мөн хэлэлцсэн байна.

Уулзалтын дараа Зангане, "Монгол Иранаас нефть худалдан авах хүсэлтэй байна. Гэхдээ компаниуд эсвэл хөрш БНХАУ-тайгаа хамтран ажиллаж, нефтийг тээвэрлэх асуудлаа Монгол хувьдаа зохицуулах хэрэгтэй" гэж мэдэгджээ.

Мөн Монголын нефтийн салбарын ажилтнуудад зориулсан богино хугацааны сургалтыг явуулахаар тохиролцсон тухай тэрбээр дурджээ.

Харин Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ирантай хийж буй харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа дурдсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ