Хамтын тэтгэврийн тухай хуулийг нийтэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ оны анхны дугаар өнөөдөр хэвлэгдэн гарлаа.
УИХ-аар баталсан хууль, тогтоолуудыг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтлэгдсэний дараа улс орон даяар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнд тооцдог. Тэгвэл энэ удаагийн дугаарт Хамтын тэтгэврийн тухай хууль, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд нийтлэгдсэн байна.
2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хамтын тэтгэврийн хуулиар нийгмийн даатгалын сангаас өндөр насны болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний эхнэр эсвэл нөхөрт авч байсан тэтгэврийг нь үргэлжлүүлэн олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан юм. Ингэхдээ тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний 15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан тэтгэврийн насны эхнэр эсвэл нөхөрт нь хамтын тэтгэвэр олгох юм. Хэрэв хамтын тэтгэвэр авах иргэн нь тэтгэврийн насанд хүрээгүй бол эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн үед нь олгож эхлэх бөгөөд бусдад өвлүүлэхгүйгээр хуульчилсан юм. Хамтын тэтгэврийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтоох бөгөөд хамтын тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээний 20 хувиас багагүй байх ёстой.
"Төрийн мэдээлэл" эмхэтгэлд үүнээс гадна Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэлжээ.
Н.Туяа