БНХАУ-д шинэ автомашины борлуулалт буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-09-11 15:59:48

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурснаар дотоодын зах зээлийн эрэлтэд нөлөөлсөнтэй холбоотойгоор тус улс дахь шинэ автомашины борлуулалт таван сар дараалан буурсан байна.

Өнгөрсөн сар БНХАУ-ын иргэд 1.66 сая шинэ машин худалдан авсан байна гэж тус улсын Автомашин үйлдвэрлэгчдийн холбоо мэдэгдэв. Энэ нь өнгөрсөн жилийнхээс гурван хувиар буурсан үзүүлэлт юм.

Бага оврын жийпний борлуулалт нэмэгдсэн бол суудлын жижиг тэрэгний борлуулалт 15 гаруй хувиар буурсан байна. Энэ оны 1-8 дугаар сар хүртэлх хугацаанд автомашины борлуулалтын хувь өсөөгүй ажээ. Үүний зэрэгцээ ачааны болон бусад тээврийн зориулалттай автомашины эрэлт мөн буурчээ.

Харин Японы автомашин үйлдвэрлэгчид мөн хугацаанд БНХАУ-д 226 мянган автомашин борлуулсан нь өнгөрсөн жилийнхээс 1.7 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Гэвч тэдний БНХАУ-ын  автомашины  зах зээлд эзлэх хувь долдугаар сараас хойш дөрвөн хувиар буурч 16 хүрэхгүй хувь болсон байна.

Герман автомашин үйлдвэрлэгчдийн хувьд БНХАУ-ын зах зээлд эзлэх хувь хамгийн өндөр байна. Тэд үнээ бууруулж, борлуулалтаа нэмэгдүүлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд