Хилийн чанадад буй Монголчуудын талаарх мэдээллийн нэгдсэн сантай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-06 14:52:02

Монголыг олон улсад сурталчлан таниулах, гадаадад оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор ГХЯ-наас санаачилсан “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” болон “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталсан талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг мэдээллээ.

“Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийн хүрээнд гадаадад оршин суугаа иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр голлон ажиллах аж. Мөн хилийн чанад дахь иргэд, тэдний үр хүүхдүүдэд Монгол хэл, үндэсний ёс заншилд сургах чиглэлээр хэд хэдэн зорилт дэвшүүлсэн байна. Мөн хилийн чанадад буй монгол иргэдийн талаар мэдээллийн нэгдсэн сантай болох, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд гадаадад байгаа Монголчуудын оруулах хувь нэмрийг дээшлүүлэхээр төлөвлөсөн хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Монгол Улсын түүх, соёл болон спортын амжилтыг олон улсад сурталчлан таниулах, хөгжүүлэх зорилгоор “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг боловсруулсан. Монгол Улсын гадаад бодлогын зорилгыг хэрэгжүүлэх гадаад сурталчилгааны чиглэлийг тодорхойлох, нэгдсэн зохицуулалттай, харилцан уялдаатай сурталчилгааны цогц механизмыг бий болгох, гадаад сурталчилгаа, соёлын харилцаагаар дамжуулан хоёр болон олон талын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ