Монгол Улсад визгүй зорчих 42 улсын эрхийг цуцалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-06 15:14:56

ГХЯ-наас Монгол Улсад 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих 42 улсын эрхийг цуцалсан талаар зарим мэдээллийн цахим хуудсаар мэдээлсэн. Энэ талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягаас тодруулав.

Тэрбээр, Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд Засгийн газраас манай улсад визгүй зорчих 42 орны жагсаалт гаргаж, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрт Австри, Андорра, Аргентин, Багамын арлууд, Бельги, Болгар, Бразил, Грек, Гибралтар, Гренада, Дани, Их Британи, Исланд, Испани, зэрэг орон багтжээ.

Уг хөтөлбөрийн хэрэгжих хугацаа өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд дууссан. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд жуулчдын тоо нэмэгдээгүйгээс гадна хөрөнгө оруулалтад ч өөрчлөлт ороогүй. Мөн визгүй зорчих эрх бүхий 42 орон манай улсын иргэдэд зориулж тодорхой хөнгөлөлт үзүүлээгүй. Тиймээс уг хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл ГХЯ-наас 42 орны Монгол Улсад зорчих эрхийг албан хүчээр хүчингүй болгосон гэх мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл юм” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ