Боловсролын тухай хуулийг чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох зорилтуудыг үндэслэн, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудын төсөл, үүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг боловсруулжээ. Мөн боловсролын салбарын болон сургалтын байгууллагын удирдлага, засаглалын шинэ зарчмыг хэрэгжүүлэх замаар чанарын баталгаажилтын тогтолцоог нэвтрүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор энэхүү хуулиудын төсөлд өөрчлөлт оруулсан байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Батцогт уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд голлон ЕБС-ын үйл ажиллагаанд түлхүү анхаараад байх шиг байна. Гэтэл хөдөө орон нутагт ажиллах үед их дээд сургуулиудтай холбоотой гомдол санал олноор гардгийг байв. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Зөв Монгол хүн гэдэг нь аж амьдралаа аваад явчих чадалтай байх ёстой. Ирээдүйд Монгол улсаа аваад явчих чадалтай хүүхдүүдийг бэлтгэх ёстой. “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Цэцэрлэгт хамраагүй хүүхдийг гэрээр хүмүүжүүлээд байж болно. Харин сургуульгүй байж болохгүй” гэдгийг онцлов.
Ийнхүү гишүүд үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн 87.3 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Б.Туул