СЭЛЭНГЭ: Монбиллярд үүлдрийн 10 настай хээлтэгч 6935 литр сүүний гарцаар тэргүүлжээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдааг Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрладаг Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт энэ сарын 3, 4-нд зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг Мал аж
ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор
Хүнс, хөдөө аж ахуйн яам 1989 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.
Тус үзэсгэлэн, худалдаанд Сэлэнгэ
аймгийн 9 сумаас 60 гаруй мал, амьтан оролцлоо.
“Шилмэл мал-2025“ гойд ашиг
шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдааны "Импортын хосолмол ашиг шимт үхэр" шалгаруулалтын төрөлд
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар багийн харьяат залуу малчин,
сумын аварга фермер Б.Түвшинтөгсийн Монбиллярд үүлдрийн 10 настай Улаан алаг
зүсмийн хээлтэгч тэргүүлжээ. Уг үхэр 6935 литр сүүний гарцтай, удам гарвал,
ашиг шим, галбир, бие цогцсын үнэлгээний үзүүлэлтээрээ ийн тэргүүлсэн байна.
Сүүний чиглэлийн үхэр
шалгаруулалтын төрөлд Хар тарлан үүлдрийн 7 настай хар зүсмийн хээлтэгч нийт
6081 литр сүүний гарц, удам гарвал, ашиг шим, галбир, бие цогцсын үнэлгээний
үзүүлэлтээрээ гутгаар байр эзэлж, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны өргөмжлөл хүртэв.
Мөн Импортын махны чиглэлийн
үхэр төрөлд: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Газар Агро” ХХК-д үржүүлдэг
Герефорд үүлдрийн хээлтүүлэгч тэргүүн байр, Герефорд үүлдрийн үнээ тус тус тэргүүн
байрт шалгарлаа.
Мөн импортын махны чиглэлийн
үхэр төрөлд Хушаат сумын малчин Ш.Баянжаргалын Казахын цагаан толгойт үүлдрийн
хээлтүүлэгч тэргүүн байр, Түшиг сумын малчин Ц.Нацагдоржийн Халимаг үүлдрийн
үнээ дэд байрт шалгарсан байна.
Харин Цагааннуур сумын "ММ
Смарт” ХХК-ийн халмаг үүлдрийн үнээ, Орхон сумын малчин Б.Буянбатын Казахын
цагаан толгойт үүлдрийн хээлтүүлэгч гутгаар байрт тус тус орсон байна.
Үзэсгэлэн худалдааны нутгийн
махны чиглэлийн үхрийн төрөлд Орхонтуул сумын малчин Б.Сайхантуяагийн Сэлэнгэ
үүлдрийн хээлтүүлэгч дэд байр, Сүүний
чиглэлийн үхрийн төрөлд Мандал сумын фермер Д.Түвшинтөгсийн монбилярд үүлдрийн
үнээ тэргүүн байр, Хар тарлан үүлдрийн үнээ гутгаар байрт галгарлаа.
Мөн Нарийн нарийвтар ноост
хонины төрөлд Ерөө сумын “Буман ерөө хонь” МҮТАҮН-ийн Ерөө үүлдрийн хэсгийн
хээлтүүлэгч тэргүүн байр, Ерөө үүлдрийн хэсгийн эм хонь мөн тэргүүллээ. Бүдүүн
бүдүүвтэр ноост хонины төрөлд Сайхан сумын малчин Ж.Халзантэгшийн Баяд үүлдрийн
хээлтэгч тэргүүн байр эзэллээ.
Орхон сумын Сэлэнгэ үржлийн цөм
сүргийн аж ахуйн эм хонь дэд байр, хээлтүүлэгч гутгаар байрт импортын махны
чиглэлийн хонины төрөлд Ерөө сумын малчин Н.Баттулгын суффолк үүлдрийн хээлтэгч
тэргүүн байр, Шилмэл гахайн төрөлд Ерөө сумын иргэн Г.Шийлэггаларайн Мангалица
үүлдрийн хээлтүүлэгч тэргүүн байр, хээлтүүлэгч дэд байр эзэлжээ.







