Их хүйтэн олон хоног үргэлжилснээс өвөлжилт хүндэрч болзошгүй

Монголын мэдээ
mn_tuul@montsame.mn
2016-01-14 11:10:14

Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сум цагаанаар зудархуу байна. Цаашид цас орж, их хүйтэн олон хоног үргэлжилснээс өвөлжилтийн нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй гэдгийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Энэ сарын 15-16-ны өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 12-14 м/с хүрч цасан шуурга шуурах бөгөөд 15-ны өдрөөс хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Отгон, Хүрэн бэлчир, Дархадын хотгороор 42-48 хэм, өдөртөө 28-34 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн байх нь.

Нийт нутгаар хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан замын хальтиргаа гулгаа үүсч, зорчих хөдөлгөөнд саад учрах, зам даваа хаагдах, иргэд цасанд боогдох, бүрэн бус техник хэрэгсэлтэйгээр холын замд гарахгүй байх, зайлшгүй аян замд гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцаслах, халуун хоол хүнс базаах, шатахуунаа нөөцлөх, малчид малтайгаа уруудах, төөрөх, осгох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт орхихгүй байх, малд явуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай эргүүл томилон ажиллуулах, дулааны шугамын хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх зэрэг  арга хэмжээ авахыг тус газраас давхар анхааруулав.

Иймээс иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол сонсох, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг ахуй амьдралдаа ашиглахыг зөвлөлөө.

Б.Туул

 

 

Холбоотой мэдээ