Бан Ги Мүн Сирийн Засгийн газрыг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-01-15 13:43:42

НҮБ. /Anadolu/. Бүслэлтэд байгаа Мадая хотыг өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэж, дайны гэмт хэрэг үйлдэж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн Засгийн газрыг буруушаав.

Өлсөж үхэхэд хүрээд байгаа Мадая хотын  42 мянга орчим оршин суугчид тусламж хүргэхдээ тусламжийн ажилтнууд тус хотын аймшигт байдлыг нүдээрээ харсан байна. Үүнтэй холбогдуулан Бан Ги Мүн мэдэгдэл хийжээ.

“Өлсгөлөнг дайны зэвсэг болгон ашиглах нь дайны гэмт хэрэг юм. Мөргөлдөөнд оролцогч талууд, тэр дундаа, Сирийн Засгийн газар улсынхаа иргэдийг хамгаалах үндсэн үүрэгтэй боловч иргэдээ өлсгөх болон олон улсын хүмүүнлэгийн хуулиар хориотой аймшигт үйлдлүүдийг хийж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

НҮБ-ын хоёр дахь тусламж өчигдөр Мадая хотод хүрсэн байна. Бүслэлтэд байгаа газрууд руу тусламжийг саадгүй хүргэхэд дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын агентлагууд Сирийн мөргөлдөөнд оролцогч талуудад уриалав.

"Зүрх шимшрэм дүр зургийг НҮБ-ын тусламжийн багынхан харсан. Арьс, яс болтлоо турж, эцсэн хүүхэд, хөгшид, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд өчүүхэн идэх юмны төлөө арай ядан алхаж, аргаа барсан, хүнд байдалтай байна гэж Бан Ги Мүн мэдэгджээ.

Мөн тэрбээр, бүслэлтэд орсон 400 мянга орчим хүн Сирид байгаа бөгөөд тэдний бараг тал хувь нь “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа газар нутагт, 180 мянга орчим нь Сирийн Засгийн газрын хяналтад байгаа нутагт, 12 мянга орчим нь сөрөг хүчний хяналтад байгаа газар нутагт байна гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ