“Үдийн цай”ны шимт бодис, илчлэг шаардлагыг хангахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 23:14:31

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2015 оны 03 сарын 15-ны өдрийн 01/46 тоот удирдамжаар Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сургуулийн цайны газар, хүнсний үйлдвэрүүдээс дээж авч шинжлүүлэн үнэлгээ, дүгнэлт өгчээ.

Шалгалтаар ”Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлж буй аж ахуйн нэгжүүд түүхий эд, хүнсний нэмэлтүүд, үйлдвэрлэлд ашиглаж буй хэрэгцээний усыг шинжилгээнд хамруулаагүй.Хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэлийг хийж, бүртгэл хөтлөөгүй. Бүтээгдэхүүнийг буцаан болон татан авсан бүтээгдэхүүний бүртгэлгүй, ажиллах журамгүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөөгүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

2015-2016 оны хичээлийн шинэ жилд “Үдийн цай”-ны хөтөлбөрт оролцох аж ахуйн нэгжийн боловсруулсан гурилан бүтээгдэхүүн болон шингэн зүйлээс лабораторийн дээж авч шинжлүүлэхэд нийт 126 дээжнээс эерэг сорьц 25 гарсан нь  Сайд, Эрүүл мэндийн Сайдын 2006 оны  379/341 дүгээр тушаалын “Үдийн цай”-аар авбал зохих хүнсний бүтээгдэхүүний үндсэн шимт бодисын хэмжээ, илчлэгийн шаардлагыг хангахгүй байна.   

Зөрчлүүдээс үүдэн гарах сөрөг үр дагавар нь  эрүүл ахуйн шаардлага бүрэн хангаагүй нөхцөлд чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх, бага ангийн сурагчдын  “Үдийн цай” хөтөлбөрөөс авах шимт бодис, илчлэгийн  хэмжээнд хүрэхгүй, хүүхдийн дур сонирхолд нийцэхүйц бүтээгдэхүүн тоо хэмжээ багасах хандлагатай байна.      

2015-2016 оны хичээлийн шинэ жилд “Үдийн цай” хөтөлбөрт оролцох 12 сумын 17 аж ахуйн нэгжийн 126 сорьцонд химийн шинжилгээ хийлгүүлгэхэд нийт сорьцны 25 буюу  19 хувь нь  илчлэгийн хэмжээ бага гарчээ.          

                                                                                                   А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд