Керри дэлхийн эдийн засгийн форумын үеэр хэд хэдэн уулзалт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-22 14:07:41

ДАВОС. /VOA/. Швейцарийн Давос хотод болсон дэлхийн эдийн засгийн форумын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэд хэдэн уулзалт хийж, Сирид улс төрийн шилжилтийн үйл явцыг эхлүүлэх, Иракт сураггүй болсон америкчууд, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх зэрэг асуудлаар хэлэлцээ хийсэн байна.

Дэлхийн эдийн засгийн жил тутмын форумд олон улсын төр, засгийн өндөр албан тушаалтнууд, корпорациудын удирдлагууд оролцдог билээ.

НҮБ-ын чуулга уулзалтаас гадна олон орны төлөөлөгчидтэй нэг дор уулзах боломжийг энэ форум олгодог гэж Керри мэдэгдсэн байна.

Сирийн тухай хэлэлцээ

Өчигдөр Керригийн уулзсан хүмүүсийн нэг нь НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура байсан юм.

Сирид улс төрийн шилжилтийн үйл явцыг эхлүүлэх тухай НҮБ-ын санаачилсан хэлэлцээ “саатахгүй" гэж Стаффан де Мистуратай уулзсаныхаа дараа Керри мэдэгдэв.

Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин хоорондын хэлэлцээг энэ сарын 25-нд эхлүүлэхээр НҮБ товлосон бөгөөд хоёр тал өөр өөр өрөөнд сууж, хэлэлцэх ажээ.

Урилгатай холбоотойгоор хэлэлцээ нэг эсвэл хоёр өдрөөр хойшилж магадгүй гэж Керри мэдэгдсэн боловч тэрбээр дараа нь, урилга яаж ч өөрчлөгдөж болно гэж Мистура мэдэгдсэн нь Сирийн сөрөг хүчний бүрэлдэхүүнд өөрчлөлт гарч болзошгүйг харуулж байна гэж онцолсон байна.

“НҮБ-ын санаачилсан уг хэлэлцээнд хэн оролцох талаар маргаан гарсан ч энх тайван байдал тогтоох үйл явц үргэлжлэх ёстой. Бүх талд бид шахалт үзүүлэх хэрэгтэй. Бид эрчээ алдаж болохгүй” гэж Мистура урьд нь мэдэгдсэн билээ.

Иракт сураггүй болсон америкчууд

Керри Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абадитай мөн уулзаж, өнгөрсөн сард Иракт сураггүй болсон гурван америкийн тухай асуусан байна. Абади үүнтэй холбогдуулан, Ираны дэмжлэгтэй шиит босогчид америкчуудыг хулгайлсан гэж зарим хэвлэлд мэдээлсэнд эргэлзэж байгаагаа илэрхийлээд, “тэднийг барьцаалсан эсэхийг мэдэхгүй байна. Тэд сураггүй л болсон” гэж мэдэгджээ.

АНУ-Ираны харилцаа

Ираны цөмийн гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш болон баллистик пуужингийн туршилт хийсэн гэж Иранд АНУ шинэ хориг арга хэмжээ авснаас хойш долоо хоног болоогүй байхад Керри Давос хотод Ираны Гадаад хэргийн сайдтай уулзсан байна.

АНУ-ын авсан шинэ хориг арга хэмжээтэй холбогдуулан Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф, АНУ хориг арга хэмжээг дипломат ажиллагааны хэрэгсэл болгон ашиглах “донтой” болохыг харуулж байна гэж мэдэгджээ.

Харин Керри, тохиромжтой гэж үзвэл бид хориг арга хэмжээ авна гэдгээ өмнө нь тодорхой хэлсэн гэж мэдэгдэв.

АНУ-ын хориг арга хэмжээ ухаалаг, үр нөлөөтэй бөгөөд цаашид бүс нутгийнхаа хурцадмал байдлыг намжаах хүсэл эрмэлзэл Иранд байгаа эсэхийг АНУ шалгах болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ