Иргэд өрхийн хүн амын тоогоо ташаа мэдээлдэг байна

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 15:41:11

Усыг ариг гамтай хэрэглэх, түүний үнэ цэнэ, ач холбогдлыг нэмэгдүүлэх, мөн орон сууцны айл өрхийг тоолууржуулах ажлыг сайжруулах зорилгоор Төв Чандмань ДЭХГ-аас айл өрхийн ам бүлийн тоог тулгаж,тэдэнтэй байгуулсан гэрээг шинэчилж байна.

Төв Чандмань ДЭХГ-ын мэдээлж буйгаар өмнөх оны судалгаануудад  иргэд өрхийн тоогоо ташаа  мэдээлсэн  нь усны төлбөрийг бодитоор авах, түүнийг ариг гамтай хэрэглэхэд сөргөөр нөлөөлж байгаа тул ийнхүү тоолуургүй, орон сууцны айл өрхийн ам бүлийг Статистикийн хэлтсээс авсан мэдээлэлд тулгуурлан шинэчилж байгаа аж. Өмнөх судалгаануудад Зуунмодод оршин сууж буй айл өрхүүд тус бүр нэгээс хоёр гишүүнтэй хэмээсэн нь мэргэжлийн байгууллагаас өгсөн мэдээнээс зөрж байгаа тул 2 сарын 1-ээс өмнө ДЭХГ-ын байцаагчтайгаа уулзаж, гэрээгээ дахин шинэчлэх шаардлагатай юм байна.

Энэ ажилд усны тоолууртай өрх хамаарахгүй, зөвхөн тоолуур байхгүй задгайгаар төлбөрөө төлдөг айлууд хамаарах юм. Төв Чандмань ДЭХГ-ын Борлуулалт,ОНХ албаны дарга Б.Алтантуяагийн хэлснээр гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд Статистикийн газрын ам бүлийн тоонд тулгуурлаж, тухайн айлаас төдий хэмжээний төлбөр авна. Иймээс усны тоолуур ашигладаггүй, мөн өрхийн гишүүдээс хэн нэг  нь тухайн орон сууцанд оршин суудаггүй бол нотлох бичиг баримтаа бүрдүүлээд гэрээгээ шинэчлэхийг санууллаа.

Тоолуургүй өрхөөс цэвэр, бохир, хэрэглээний усны төлбөрт сард 1815-2200 төгрөг, аж ахуйн нэгжээс 1 м3 тутамд 495-550 төгрөг авдаг байна. Тус байгууллага өнгөрсөн онд дээрх төлбөрт иргэдээс 93 сая, аж ахуйн нэгжээс 181 сая, нийт 360 гаруй сая төгрөг авч, жилд гүний гурван худагаас 400 м3 ус олборлодог аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ