Монголын хиргисүүрээс олдсон хүний ​​ДНХ нь хүрлийн үеийн нийгмийн байдлыг харуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-09-30 17:26:13

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 30 /phys.org/. Эртний олон ард түмний тухайд булшнаас өөр ямар ч ул мөр үлдээгүй байдаг. Гэхдээ оршуулгын ёс заншил болон булшнаас олдсон ясны ДНХ-гийн судалгаа нь археологчдод Хүрэл зэвсгийн үеийн нүүдэлчдийн амьдрал ахуйг судлах боломж олгожээ.


Археологийн болон генетикийн аргыг хослуулсан шинэ судалгаагаар Хүрэл зэвсгийн сүүл үеийн (ойролцоогоор МЭӨ 1500-1000 он) нийгмийн зохион байгуулалт, хүн амын өсөлтийн өөрчлөлтийг шинэ өнцгөөс харах боломжийг олгожээ. Судалгааг олон улсын эрдэмтдийн баг хийсэн бөгөөд Германы Майнц хот дахь Лейбницын Археологийн хүрээлэн (LEIZA) болон Бонны их сургуулийн мэргэжилтнүүд оролцжээ. Судалгааны үр дүнгийн талаарх өгүүллийг “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн байна.


Төв Азиас Хятадын зүүн нутаг хүртэл хэдэн мянган км үргэлжилсэн Зүүн Евразийн тал нутаг нь удаан хугацааны туршид Хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн шилжилт хөдөлгөөн, шинэчлэл, соёлын солилцоо, оюун санааны амьдралын төв байсаар иржээ.


Энэхүү судалгаа нь түүхийг бичиж тэмдэглэхээс өмнөх үед Монголын төв нутагт амьдарч байсан хүн амын өөрчлөлтийг тодруулахад чиглэжээ. Хүмүүсийн ген болон оршуулгын зан үйлийн ул мөрийг шинжилсэн судлаачид хүрлийн үед хоёр өөр угсаа, соёлын онцлогтой малчдын бүлэг олон зууны турш зэрэгцэн амьдарч байсныг тогтоосон байна. Гэвч тэднийг төмөр үеийн эхэн үед бий болж, өргөн тархсан “дөрвөлжин булшны соёл” шахан гаргажээ.


Энэ нь манай эриний өмнөх хоёрдугаар болон эхний мянганы үед Монгол нутагт амьдарч байсан хоёр нүүдэлчин овгийн талаарх судалгаа юм. Нэг овог нь тус улсын өмнөд ба зүүн өмнөд хэсэгт нутаглаж байсан бол нөгөө нь Алтайн нуруунаас эхлээд төв Монгол хүртэлх өргөн уудам нутагт амьдарч байжээ. Монголын төв нутгийн Орхон голын хөндийд энэ хоёр овог хоорондоо харилцаж, тэр ч байтугай талийгаач ахан дүүсээ нэг уулын энгэрт оршуулдаг байсан байна.


Археологийн судалгаагаар хоёр овгийн талийгаачдаа оршуулах зан үйл ихээхэн ялгаатай байсан нь тогтоогджээ. Алтайн бүлгийнхэн нас барсан хүнийг баруун хойш харуулан оршуулдаг байсан бол зүүн нутгийнхан зүүн урд зүг рүү харуулж оршуулдаг байжээ. 


Булшууд нь мөн соёлын мэдэгдэхүйц ялгаатай байсныг харуулна. Алтайн овгийн хүмүүс Хиргисүүр буюу чулуун овоот булш барьдаг байсан бол зүүн нутгийн овгийн хүмүүс арай жижиг, энгийн, барихад амархан, хүний дүрс бүхий чулуун хөшөөтэй булшийг илүүд үздэг байжээ. 


Салбар хоорондын хамтарсан судалгаа нь эдгээр ялгааг илүү гүнзгий ойлгоход тус дөхөм болжээ. 


LEIZA-ийн түүхийн өмнөх үе судлалын тэнхимийн эрхлэгч, судалгааг хамтран явуулсан Урсула Бросседерийн хэлснээр, эртний хүмүүсийн ДНХ-г шинжилснээр эдгээр хоёр овог нь зэрэгцэн амьдарч байсан хэдий ч 500 орчим жилийн туршид генийн  хувьд холилдоогүй байсныг тогтоожээ.


Төмрийн эриний эхэн үед (ойролцоогоор МЭӨ 1000–300) шинэ оршуулгын заншил бий болж, булшнуудыг чулуугаар дөрвөлжлөн хүрээлдэг болжээ. Энэхүү булшны соёл нь зүүн нутгийн хүн чулуун булшны уламжлалаас үүсэж, түргэн тархаж, баруун нутгийнхны оршуулгын зан үйлүүдийг орлох болжээ. 


Энэ өөрчлөлт нь зөвхөн соёлын төдийгүй генетикийн шинжтэй байсныг судалгаагаар олж авсан шинэ мэдээлэл харууллаа. Дөрвөлжин булшанд оршуулсан хүмүүсийн ген баруун нутгийн овгийнхонтой бараг холбоогүй байна. Энэ нь дорноос нүүдэллэн ирсэн олон тооны хүмүүс баруун нутгийн иргэдийг бараг бүрэн шахан гаргасан болохыг харуулж байна. Олон зуун жилийн дараа ч гэсэн, олон үндэстний гүрэн байсан гэдгээрээ алдартай Хүннү гүрний үед (МЭӨ 200 – МЭӨ 100 он) баруун нутгийн эртний хүмүүсийн генийн ул мөр үлдээгүй байна.


Судалгаагаар баруун нутгийн овгийн генийн үндэс нь 2000 гаруй жилийн өмнө Төв Азид нүүдлийн мал аж ахуйн хэв маягийг авчирсан эртний Афанасево болон Хэмцгийн соёлоос хэсэгчлэн улбаатай болохыг баталжээ.


Бидний судалгаа дэлхийн хамгийн эртний мал аж ахуйн бүс нутгуудын нэгэнд генийн онцлог ба соёлын уламжлал хэрхэн харилцан үйлчилж байсныг ойлгоход чухал хувь нэмэр оруулна. Түүнчлэн соёл зэрэгцэн орших нь ген заавал холилдоход хүргэдэггүй болохыг харуулж байгаа бөгөөд  эртний хүний нийгэм, түүний өөрчлөлтийг ойлгоход чухал ач холбогдолтой гэж Урсула Бросседер онцлон тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ