Сайхан- Овоо суманд 40 гаруй мянган мал оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-27 11:14:57

Дундговь аймгийн бусад сумыг бодвол цас арай нимгэвтэр, мал, малчдын нөхцөл байдал одоогоор хүндрээгүй байгаа нь Сайхан- Овоо сум болж байна. Тус сумын нутагт Дундговь аймгийн 8 сум болон Өвөрхангай, Төв аймгийн нийт 50 шахам малчин өрх 40 гаруй мянган малтай оторлож байна. Оторчид гол төлөв Онги, Найз, Төгрөг багийн нутагт байршжээ.

Тус сумын нутгаар өнгөрсөн зун, намартаа цаг сайхан болж, мал тарга тэвээргэ сайн авсан. Нэгдүгээр сарын дундуур хоёр удаа ойрхон орсон цас багагүй зузаарсан ч цасан  дороос цухуйх өвстэй тул мал бэлчээрт гарч идээшин, тулгарч ирсэн хүндрэл багатай өвөлжиж байна.

Сумын Засаг даргын орлогч Б. Арсланбаатар “Оторчид болон нутгийн малчид хооронд ямар нэг маргаан гараагүй. Оторчдод аль болох өвөлжөө бууцтай, нөмөр нөөлөг газар зааж өгч тусалсан. Жилийн эцсийн мал тооллогын үеэр хүн эмнэлэгийн үйлчилгээг оторчдод хүргэж, төрийн бусад үйлчилгээг хүргэж ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн байгаа. Харин отрын 16 мянга гаруй адуу орж ирсэн нь бог малын бэлчээрийг талхалж байгаа тул бэлчээрийг бог малынхаас эсрэг зүгт байхаар зохицуулалт хийхийг малчид хүссэний дагуу адууг Ахарын уул орчмын нутагт голдуу нутаглуулж байна” гэлээ.

Сайхан- Овоо сум 370 гаруй малчин өрхтэй. Тэдгээрт 131 мянган мал өвөлжиж байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ