Уушгины бус эрхтний сүрьеэ өвчин ихсэх хандлагатайг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-01-28 17:28:05

Монгол Улсын сүрьеэгийн өвчлөл,тусламж үйлчилгээ, цаашид авч хэрэгжүүлэх  арга хэмжээний талаар  ЭМСЯ-ны удирдлага,  ХӨСҮТ,  Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Энэрэл” эмнэлэг,  Дэлхийн зөн олон улсын байгууллагын  төлөөлөл санал бодлоо солилцов.

Сүүлийн 5 жилийн статистик мэдээгээр сүрьеэгээр бүртгэгдсэн тохиолдол нэмэгдэх хандлагатай, уушгины бус эрхтний сүрьеэгийн эзлэх хувь тогтмол  өсч байгаа нь  ДЭМБ-ын  НДББ-ийн бусад орнуудтай  харьцуулахад өндөр байгаа аж.

Уулзалтын эхэнд ХӨСҮТ-ийн захирал Я.Буянжаргал хэлэхдээ, “Манай эмнэлэг улсын хэмжээнд тусламж үзүүлдэг тусгай мэргэжлийн төв байгууллага. Төвийн барилга  сүрьеэгийн зориулалттай биш учраас эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчнийг эмчлэх тасгийн  механик агааржуулалтын систем нь өвлийн улиралд ажилладагүй, бусад тасгуудад  агааржуулалтын систем байхгүй зэргээс шалтгаалан эмч, ажилчид сүрьеэгээр өвчлөх  эрсдэл нэмэгдэж байна.  Энэ онд тус эм эмнэлгийн хэрэгсэлд нийт 4.7 тэрбум төгрөгийн төсөв батласнаас 25.5 хувийг  сүрьеэгийн эм, лабораторийн  урвалж бодисонд зарцуулж байна. 2001 оноос мэс заслын ачаалал ихэсч,  нэг эмчид 25 өвчтөн оногдож байна. Сүүлийн үед ДОХ, сүрьеэ хосолсон хэлбэрээр ирж байгаа нь сэтгэл зовоосон асуудал  болж байна” гэв.

Сүрьеэгээр оношлогдож байгаа хүмүүсийн 60 хувь нь нийслэлд амьдардаг. Үүний тодорхой хувийг орон гэргүй тэнэмэл  иргэд эзэлж байна.  Монгол Улсын сүрьеэгийн өвчний асуудлыг “Энэрэл” эмнэлэг дангаараа 16 ортойгоор  шийдвэрлэх боломжгүй учраас бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй байгааг  НЭМГ-ын дарга  Ш.Энхбат онцлов.

“Энэрэл” эмнэлэг нь 1998 онд байгуулагдсанаас хойш 2005 онд үйл ажиллагаагаа өргөжүүлж 16 ортой болж сүрьеэтэй өвчтнүүдийг авдаг болсон,  цаашдаа хэвтэн эмчлэх боломжгүй хэмээн тус эмнэлгийн дарга  мэдэгдлээ.

 Уулзалтын үеэр сүрьеэгийн болон эмгэг анатомийн эмчээр ажиллах  хүмүүс дутагдалтай  учраас хүний нөөцийн асуудалд анхаарах, өвчлөгсөд ялангуяа тэнэмэл орон гэргүй иргэд эцсийн шатандаа ирдэг тул эмнэлгийн ажилчдад халдварлах эрсдэл өндөр, тэднийг эмчлүүлээд гарахад хүлээн авах орчин нь бүрдээгүй, сүүлийн үед зөвхөн сүрьеэ гэлтгүй хүнс, ундны усны  бохирдлоос шалтгаалсан  төрөл бүрийн  халдварт  өвчлөл нэмэгдэж байгааг  эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа.   

Уулзалтын төгсгөлд ЭМСЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга  С.Ламбаа  сүрьеэгийн асуудлыг салбар яам дан ганцаараа шийдэх боломжгүй, нийслэлийн шийдвэрлэх томоохон асуудлын нэг болсон. Тиймээс мэргэжлийн байгууллагууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудал боловсруулж оруулах цаг үе нь болсон гэж үзэж байна гээд өөрсдийн боломждоо тулгуурлан амбулаторийн үйлчилгээг “Энэрэл” эмнэлэг, ХӨСҮТ-ийн удирдлагуудад  өвчтнүүдийг хэвтэн эмчлэхийг үүрэг болголоо.  

Ж.Болор

Холбоотой мэдээ