Алдарт К.Ичотой С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-29 10:13:50

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при” болон И.Ярыгиний Цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын тэмцээн ХХҮII дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотноо өнөөдөр эхэлж байна.

Тэмцээнийг Бүх оросын бөхийн төрлүүдийн холбоо, Ярыгиний нэрэмжит сангаас Красноярск мужийн Амбан захирагчийн албатай хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээнд ОХУ-ын бөхчүүдээс гадна АНУ, Грек, Итали, Казахстан, Камерун, Монгол, Сенегал, Япон зэрэг 10 гадаадын орны бөхчүүд нийт 330 бөх өрсөлдөж байна.

Олон улсын шүүгч Б.Төмөрбаатар тус тэмцээнд ДБНХ-ноос техникийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Эхний өдөр эрэгтэй 57, 74 кг, эмэгтэй 53, 58, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно. Эрэгтэй 57 кг-д 35 бөх өрсөлдөж байгаагаас нэгдүгээр тойрогт Ж.Баярхүү оросын бөх Ампар Рустамтай, эмэгтэй 53 кг-д 17 бөх өрсөлдөж байгаагаас нэгдүгээр тойрогт Э.Сумьяа казахстаны бөх Марина Зуеватай, Б.Хатантуул оросын бөх Любовь Сальниковатай, Д.Отгонцэцэг оросын бөх Оршуш Стальвиратай, 58 кг-д 13 бөх өрсөлдөж байгаагаас нэгдүгээр тойрогт П.Орхон Б.Шоовдортой, А.Батцэцэг Э.Гантуяатай, С.Бямбацэрэн оросын бөх Аннна Щербаковатай, С.Цэрэнчимэд японы бөх К.Ичотой, 60 кг-ын жинд 8 бөх өрсөлдөж байгаагаас нэгдүгээр тойрогт О.Оюунтуяа оросын бөх Елизавета Сорокинатай, 69 кг-д 12 бөх өрсөлдөж байгаагаас нэгдүгээр тойрогт Т.Түмэнцэцэг ОХУ-ын бөх К.Бураковатай, хоёрдугаар тойрогт Ц.Баярзаяа казахстаны бөх Эльвира Сыздыковатай барилдахаар сугалаа таарчээ. 58 кг-д манай шилдэг бөхчүүд хэр зэрэг бөх болсноо олимпийн 3, дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичод шалгуулна. Өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотод болсон нээлттэй “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээний 53 кг-д манай бөх Э.Сумьяа хагас шигшээ барилдаанд ОХУ-ын бөх Любовь Сальниковатай барилдаж 8 онооны илүүгээр хожиж яваад 18:24 онооны харьцаагаар дийлдэж байсан юм, энэ удаа тэдний өрсөлдөөн хагас шигшээд давтагдах магадлалтай.

Д.Өлзий

Холбоотой мэдээ