68.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоор шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-02 12:13:01

УИХ Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталснаас хойш арилжааны банкууд 1 мянга 129 зээлдэгч 68.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.  

Үүнээс 6 банк 300 зээлдэгч 15.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг олгосон хэмээн Монголбанкнаас мэдээллээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Үндсэн хуулийн цэцээс Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. уг дүгнэлтийг УИХ хүлээж авснаар ипотекийн зээл зогсонги байдалд ороод байсан юм. Харин УИХ-ын дарга ипотекийн зээлийн асуудлыг сар шинийн баярын өмнө шийдвэрлэнэ хэмээн амлалт өгөөд байсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын гишүүд Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ энэ сарын 19-нд баталсан билээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ