Чингис хааны булшийг олсон гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2016-02-02 15:13:55

ЛОНДОН. /pressgazette/.  Монголын удирдагч Чингис хааны булшийг олсон гэж чөлөөт сэтгүүлч Робин Акройд мэдэгдэв.

Тэрбээр “Чингис хаан: Онгон булш, Нууц сан хөмрөг” шинэ номдоо энэ тухай дурдсан байна.

Түүний үзэж байгаагаар, Чингис хааны булш Монголын хойд нутгийн ууланд, түүний ач хүү, БНХАУ-ын Юан гүрний удирдагч Хубилай хааны таалал төгссөн газарт байгаа ажээ.

Тэрбээр номынхоо судалгааг хийх зорилгоор онгон байгальд 700 гаруй км  газар морин аялал хийсэн байна. Олон улсыг байлдан дагуулагч 1227 оны наймдугаар сард БНХАУ-ын хойд нутагт таалал төгссөн хэдий ч түүний оршуулахаар Монголд авчирсан гэсэн дүгнэлтийг тэрбээр хийжээ.

"Монголын хаадыг дараа төрөлд нь дахин харуулахаар маш их үнэ цэнэтэй зүйлстэй нь хамт оршуулдаг байх магадлал өндөр байна. Хааныг оршуулсан нутгийг урианхай үндэстэн хамгаалдаг бөгөөд тэд цэргийн алба болон татвараас чөлөөлөгдсөн байдаг. Хааны булшийг хамгаалж байгаа энэ байдлаас харвал оршуулах ёслолд оролцсон цэргүүдийг цаазаар авдаг байсан гэсэн домог яриа худал  болж байна" гэж Акройд үзсэн байна.

Мөн тэрбээр эртний монгол бичвэрийг хөрвүүлж, өөрийн судалгаандаа үндэслэн дүгнэлт хийн, Монголын удирдагчийн таалал төгссөн газрын тухай онолуудыг няцаажээ. Түүний хэлснээр, Монголын Засгийн газар миний дэвшүүлсэн онолыг хүлээн зөвшөөрсөн байна.

"Монголчуудад өндөрлөг газар их учиртай байдаг. Уулс нь монголчуудыг чин сэтгэлээсээ шүтдэг Хөх мөнх тэнгэртэй ойртуулж өгдөг" гэж тэрбээр хэлэв.

Мөн тэрбээр, "Монгол хаадын булштай холбоотой хамгийн оновчтой баримт бол тэднийг таатай байдалд, ууланд оршуулах юм. Халдашгүй ариун гэж дархалсан газар нутагт, төрсөн нутаг эсвэл хаант улсад хамаардаг нутаг дэвсгэрт эдгээр уулс оршдог. Чингис хааныг таалал төгссөн хойно нь эх нутагт нь авчирсан. Түүнийг БНХАУ-ын Ордост оршуулаагүй бөгөөд тэнд зөвхөн түүний дурсгалын бунхныг байгуулсан" гэж ярьжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ