УИХ-ын гишүүн Д.Ганбат тойрогтоо ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 17:44:55

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат амралтын өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллав.

Тэрээр Улсын Их Хурлаас батлагдан гарсан болон хэлэлцэгдэж буй хууль тогтоомжуудын талаар иргэд олон нийтэд болон орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагын мэргэжилтнүүдийн сургалтад оролцож мэдээлэл өглөө.

Байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэхдээ, Улсын Их Хурал дээр хүүхэд, гэр бүлтэй холбоотой чухал хуулийн төслүүд хэлэлцэгдэж байгаа бөгөөд удахгүй батлагдана. Тиймээс гэр бүл болон хүүхдийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэр бүлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын талаар сайтар мэдээ мэдээлэлтэй байж өрх, иргэн бүрт хүрч ажиллан сурталчлах хэрэгтэй гэлээ. Мөн Эрүүгийн хуулинд хүүхдийн асуудлыг маш тодорхой зүйл заалтаар оруулсан. Хүүхэдтэй ажилладаг болон хүүхдийн асуудал эрхлэн ажилладаг хүмүүс бол сэтгэл зүйч байх хэрэгтэй хэмээн онцолсон.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 100 болон түүнээс дээш настай ахмадуудад хүргүүлдэг мэндчилгээ, гарын бэлгийг гардуулав. Баянхонгор аймгийн иргэн 101 настай Х.Дорждулам, 103 настай Г.Думбаа, 102 настай Ш.Доржпалам, 103 настай Ч.Цэнд нар Ерөнхийлөгчийн бэлгийг хүлээн авсан байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ