Цахим орчинд хүүхдийг хамгаалахад салбар бүрийн оролцоо чухал гэв

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2016-02-03 12:49:08

Цахим орчинд хүүхдийг хамгаалахад салбар бүрийн оролцоо чухал хэмээн Шангри Ла зочид буудалд болж буй “Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь” сэдэвт дугуй ширээний уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байна.

Хэлэлцүүлгээр цахим орчинд хүүхдийг хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөгөөс хамгаалах талаар манай улсад авч байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох яам тамгын газар, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл, салбарын мэргэжилтнүүд санал бодлоо солилцов.

Өнөөдөр дэлхий дахинд интернетийн, ялангуяа олон нийтийн сүлжээний хамгийн идэвхтэй хэрэглэгчид нь хүүхэд залуучууд байна. Зөвхөн манай улсад гэхэд л фэйсбүүкийн 19.6 хувийг 13-17 насны хүүхдүүд, 40 хувийг 18-24 насны залуучууд эзэлж байна. Интернет нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах хязгааргүй эрх чөлөөг хүүхдүүдэд олгож байгаа ч үүнийг дагаад онлайн орчинд бусдын доромжлолд өртөх, зохисгүй мэдээ материал олж үзэх, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн золиос болох зэрэг олон эрсдэлтэй тулгарч, улмаар хор уршгийг нь амсаж байдаг хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес хэлэхдээ, “Хүүхдүүд интернетээс садар самуунтай холбоотой зохисгүй контент олж үзэхээс гадна томчууд хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахын тулд хайж байдаг. Мөн хүүхдүүд бие биенийгээ дээрэлхэх, доромжлох зэргээр интернетийг буруу замаар ашигладаг. Ийм эрсдлээс болж хүүхдүүд хохирогч болдог. Тиймээс  байж болшгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд журам баталж, хамгаалах орчныг нь бүрдүүлэхийг зорьж байна. Хамгийн түрүүнд эцэг эхчүүдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, техникийн орчинд зохисгүй контент гаргадаг вебсайтыг хязгаарладаг технологийн аргачлал хийх, хууль эрхзүйн орчин бүрдүүлэх ёстой. Ингэснээр хүүхдүүдийг тодорхой хэмжээгээр хамгаалж чадна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй ганцаарчлан, нэг аргаар тэмцэх нь үр дүнгүй. Хүүхдийг цахим орчинд тууштай хамгаалахад бодлого боловсруулагчид, хууль сахиулах байгууллагууд, нийгмийн ажилтнууд, багш нар, эцэг эхчүүд, мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбар, хувийн хэвшлийнхний хамтарсан хүчин зүтгэл хэрэгтэй” хэмээн онцлов.

Энэ үеэр мэргэжилтнүүд “Цахим орчинд хүүхдийг дарамт, бэлгийн мөлжлөгөөс хамгаалах нь” сэдвээр холбогдох салбарын мэргэжилтэн, албаны хүмүүст сургалт зохион байгуулж, үндэсний түвшин дэх нөхцөл байдлын зураглал гаргаж, олон улсын сайн туршлагыг хуваалцсан юм.

Уулзалтыг Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран зохион байгууллаа.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ