20 гаруй жилийн хугацаанд 2000 гаруй залуус Туркт боловсрол эзэмшжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2016-02-04 12:43:42

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд өчигдөр “Туркт төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ-ын нээлтийн арга хэмжээ болж өнгөрлөө.

Тус арга хэмжээнд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О. Очиржав нар хүндэт зочноор оролцлоо. Мөн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга асан Т.Аюурсайхан зэрэг тус улсад дээд боловсрол эзэмшсэн 200 орчим төгсөгч оролцсон юм.

Элчин сайд Мурат Карагөз арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Турк-Монголын харилцаанд хувь нэмрээ оруулах энэхүү ТББ-ын үүсгэн байгуулагч залууст талархсанаа илэрхийллээ. Түүнчлэн “Туркт төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ-ын Ерөнхийлөгч Х.Хатанбаатар тус нийгэмлэгийг үүсгэн байгуулахад үзүүлсэн дэмжлэг туслалцааг үнэлж Элчин сайд Мурат Карагөз-д Хүндэт гишүүний батламж гардуулав. Нээлтийн арга хэмжээний дараагаар тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Х.Хатанбаатар лекц уншсанаар тус арга хэмжээ өндөрлөсөн юм.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нийт 2500 орчим монгол залуус сурч төгссөн бөгөөд өнөөдрийн байдлаар Турк Улсад 900 орчим оюутан суралцаж байгаа аж. Тэдгээрийн 300 орчим нь Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Турк Улсын Засгийн газар жил бүр 50 орчим монгол оюутанд Засгийн газрын иж бүрэн тэтгэлэг олгодог аж.

Б.Туул

Холбоотой мэдээ