ХӨВСГӨЛ: Мөрөн сумын 890 өрх хашаандаа мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-21 14:50:21

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ”Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Мөрөн суманд хашаандаа мод тарьсан иргэнийг урамшуулах журмыг Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 4-р хуралдаанаар баталсан.


Энэхүү журмын хүрээнд хашаандаа 10 мод тарьж 100 хувь ургуулаад ажлын багт хүлээлгэн өгсөн өрх бүрд 500.000 төгрөгийн урамшуулал буюу 1 модыг 50000 төгрөгөөр үнэлж олгохоор болсон.


Мод тарихаар Мөрөн сумын  1007 иргэн  бүртгүүлж, 9060 мод тарьснаас 890 өрх, айлын мод сайн ургаж байна.


Мөрөн сумын иргэд хашаандаа мод тарьснаар агаарын бохирдол, хөрсний талхигдал, тоосжилт, салхи, шороон шуурганы сөрөг нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.


Мод тарьсан иргэнийг урамшуулах журамд иргэд 3 жилд 30 мод тарьж урамшуулалд хамрагдах бүрэн боломжтой юм.

 

2024 оны байдлаар Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16321 мод байгаа бөгөөд энэхүү журам хэрэгжсэнээр 1 жилд 61.2 хувиар модны тоо нэмэгдэж, 2028 онд хашаандаа модтой өрхийн тоо 183,8 хувиар өсөж 46321 болох боломжтой гэж үзэж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ярлаа.

 

Холбоотой мэдээ