БАЯНХОНГОР: "Бид залилуулахгүй" аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-21 09:29:44

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар залилангийн гэмт хэрэг 118 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.5 хувиар буурсан байна. Харин цахим орчинд үйлдэгдсэн залилангийн гэмт хэрэг 101 бүртгэгдсэн нь 66.3 хувиар өссөн үзүүлэлт юм.


Иргэдийн цахим залилангийн талаарх мэдлэг хариуцлагыг дээшлүүлэх, цахим залиланд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд “Бид залилуулахгүй” аяныг эхлүүллээ.


Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Прокурорын газар хамтран тус аяныг өрнүүлж байна. Аяны нээлтээр "Мэдэх эрх" сургалт, өдөрлөгийн үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-т зохион байгуулав.

Өдөрлөгт аймгийн Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагын төлөөлөл, Баянхонгор сумын есөн багийн 120 иргэн оролцсон байна.

Цахим залилангийн хохирогчдын 60 хувь нь дээд боловсролтой байсан бол 80 хувь нь надад ийм зүйл тохиолдохгүй гэж боддог, итгэмтгий байдлаас шалтгаалж хохирчээ. Иргэд телеграмд даалгавар биелүүлэх, цахим сугалаанд азаа үзэх, хуурамч онлайн худалдаанд мөнгө шилжүүлэх зэргээр голчлон хохирч байна.


Холбоотой мэдээ