ДЭМБ-д “Осол гэмтлийн тасаг” байгуулах санал тавив

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-02-05 08:52:06

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Сү Нюунт-У-г хүлээн авч уулзаж ярилцлаа.

Уулзалтын эхэнд ТНБД С.Ламбаа хэлэхдээ “ДЭМБ-тай олон жил салшгүй хамтарч ажилласаар ирсэн. 2008-2012 онд салбарын  сайдаар ажиллаж байх хугацаандаа бүх талаар дэмжиж, олон үйл ажиллагаанд биечлэн оролцож байсан.  Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын хооронд 2008-2015 оны хооронд  хамтран ажиллах “Стратегийн баримт бичиг”-т гарын үсэг зурсан. Бидний зүгээс цаашид хамтран ажиллах стратегийн баримт  бичгээ боловсруулан  сонгуулийн өмнө  батлуулах  сонирхолтой байна” гэсэн юм.

Мө тэбрээр, “Нэгдүгээрт бүсийн оношилгооны төвүүдэд Тархвар  судлалын сургалтын төвүүдийг байгуулах, хоёрдугаарт ДЭМБ-ын санхүүжилтээр засмал замтай холбогдсон аймгуудын 6-7  суманд “Осол гэмтлийн тасаг”-ийг шинээр байгуулж, өвчтөнийг хэвтээгээр нь зөөвөрлөдөг эмнэлгийн түргэн тусламжийн машинаар хангах,  гуравдугаарт ДЭМБ-аас зохион байгуулж буй бодлогын шинэ чанартай  гадаад арга хэмжээнд яамны холбогдох хүмүүсийг хамруулах, ялангуяа орон нутагт газар дээр нь ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсээ түлхүү хамруулах цаашдаа ч  энэ бодлогыг барьж ажиллах болно” хэмээн эрүүл мэндийн  салбарын  бодлогын шинж чанартай гурван асуудлаар санал тависан юм.

Доктор Сү Нюунт-У хүндэтгэн цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархалаа илэрхийлээд гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч танилцуулав. Тэрээр Осол гэмтлийн тасаг байгуулах нь урт хугацааны ач холбогдолтой ажил гэж үзэж  байна. Тиймээс бусад хамтрагч түнш байгууллагуудтайгаа хамтарч хэрэгжүүлэх талаар судалж ажил хэрэг болгох талаар ажиллахаа мэдэгдэхийн зэрэгцээ энэ ондоо багтаж  Тархвар судлалын 2-3 сургалтын төвийг байгуулах  болсноо уулзалтын үеэр дуулгасан юм. 

 

Холбоотой мэдээ