Сар шинийн баяраар хүнд өвчтөн, төрөхийн хяналтад байгаа эхчүүдэд анхаарал хандуулахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-02-05 09:11:28

Дэлхий дахинаа  томуугийн H1N1  вирусээр үүсгэгдсэн  өвчлөл  зонхилж байгаа өнөө үед манай улсад энэ долоо хоногт нийт 133.802 хүн амбулториор үйлчлүүлсний 6.781 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.  

Үүнээс уушгины үрэвсэл ба  амьсгалын замын  цочмог хүнд  халдварын шалтгаантай  эмнэлэгт хэвтэгсэд  10-15 хувийг эзэлж байна.  Тиймээс  ЭМСЯ-ны удирдлагууд 21 аймгийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрууд, ХӨСҮТ-тэй “Цахим”-аар нэгэн зэрэг холбогдож  цаг үеийн мэдээллийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өглөө.  

Ихэнх аймгуудад томуу, томуу төст өвчний өвчлөл их, алсын дуудлага ихэссэн талаар мэдээлж байлаа. Мөн өвөлжилт хүндэрсэн аймгуудад  отроор өвөлжиж байгаа малчин ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хамгийн тулгамдаж байгаа асуудал нь  Эмнэлгийн түргэн тусламжийн машины асуудал байв. Өвөрхангай аймагт салхин цэцэг өвчин ихсэх хандлагатай өнөөдрийн байдлаар 28 хүн  өвчлөөд байгаа бол томуугийн өвчлөл Сүхбаатар аймагт хамгийн өндөр амбулторийн үзлэгийн 10-аас дээш  хувийг эзэлж,  дүүргүүдийн хувьд  Багахангай  дүүрэг  есөн хувьтай байна.  

 Цахим хурлын үеэр анх удаа сумдаас Увс аймгийн Баруунтуруун сум  холбогдож  эмнэлгийн түргэн тусламжийн машиныхаа асуудлаа шийдвэрлүүлэв.

 Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлэхдээ “Цаг хугацаа, зардал хэмнэсэн  бие биедээ  мэдээллийг нэгэн зэрэг  шуурхай дамжуулсан  алхмыг хийж чадлаа.  Ихэнх аймаг сумдын хувьд эмнэлгийн тендер хоцорч байгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний автомашины асуудал яригдаж байна. Энэ онд салбарын төсөвт түргэн тусламжийн машиныг шийдвэрлэхэд зориулж нэг ч төгрөг батлаагүй учраас ойрын хугацаанд асуудал боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахаар ажиллаж байна. Саяхан Улсын онцгой комиссын хуралдаанд оруулж Засгийн газрын нөөц хөрөнгөөс 20 автомашины асуудлыг   шийдвэрлэж орон нутагт хүргүүлээд байна” гэсэн юм.

Мөн энэ үеэр  уламжлалт сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан эмнэлгийн тусламж үлйчилгээнд онцгойлон анхаарч, ялангуяа сар шинийн амралтын өдрүүдэд  хүнд өвчтөн, төрөхийн хяналтад байгаа  эхчүүдэд  анхаарлаа хандуулах, эмнэлэг хооронд шилжүүлэхдээ чирэгдүүлэхгүй байх, шаардлагатай тохиолдолд  эмч нарын зөвлөгөөнийг шуурхай зохион байгуулах,  төрөлжсөн том эмнэлгүүдээс  хөдөө орон нутаг, алслагдсан хүн амд  үзүүлэх алсын дуудлагын үйлчилгээний  бэлэн байдлыг хангах, шатахууныг хангалттай хэмжээгээр нөөцлөх, нийтийг хамарсан  хордлого, осол гэмтэл  халдварт өвчний дэгдэлт  болон эмнэлгийн  тусламж үйлчилгээний  ноцтой алдаа зөрчил  гарсан үед ЭМСЯ-ны хариуцлагатай жижүүрт шууд мэдээлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, амьсгалын замын дутагдалтай өвчтөнүүдэд шаардлагатай эм бэлдмэл, аппарат, тоног төхөөрөмж, вирусын эсрэг  эмийн нөөцийг нэмэгдүүлэн  ажиллахыг үүрэг  болгов.

 

Холбоотой мэдээ