Гулууз махан дунд 5 кг чулуу хийж заржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 12:41:50

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Байгаль ээж хүнсний захын махны бөөний төвөөс нэгэн иргэн сар шинийн бууз баншаа хийхээр гулууз мах худалдан  авчээ. Гэтэл махны  цээжний хөндийд 5,2 кг чулуу сэмжинд нь боож хийсэн байсан тул холбогдох хууль хяналтын байгууллагад хандаад байгаа гэнэ.

Мөрөн сумын мал эмнэлэг үржлийн тасгаас мах худалдсан иргэнд хандан хууль бусаар иргэдийг хохироосон үйлдэл хийсэн иргэнийг олж өгөхийг шаардаж буй бөгөөд олдохгүй бол өөрт нь хариуцлага хүлээлгэх гэнэ. Махны ченжүүд иргэдээс ирсэн махыг бөөнөөр нь худалдан авч иргэдэд зардаг тул хаанаас ирсэн мах гэдгийг одоогоор хэлж мэдэхгүй байгаа ажээ. Мөн хөлдөөсөн сүүнд ус хольсон тохиолдол гарсан тул иргэдийг мах, сүү худалдан авахдаа анхаарал болгоомжтой, гарал үүслийн бичигтэй иргэдээс худалдан авалт хийхийг холбогдох байгууллагуудаас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ