Ахмадад ээлтэй байгууллага, сумыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-09 18:27:32

Ахмадууддаа чиглэсэн үйл ажиллагааг нь үнэлж, Хөхөгчин хонин жилийн Ахмадад ээлтэй байгууллагаар аймгийн Эрүүл мэндийн газар, Ахмадад ээлтэй сумаар Хулд сумыг тус тус шалгаруулсан байна.

Аймгийн Эрүүл мэндийн газар ахмад настны асуудал хариуцсан орон тооны бус ажилтан томилон ажиллуулснаар ахмадууддаа чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлж чадсан. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ахмадуудаа сүүлийн гурван жилд тогтмол хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгааг ахмадуудынхаа гэрт хүргэдэг болсон. 3 дахь шатлалын эмнэлэгээс яаралттай тусламж үйлчилгээ авах шаардлагатай ахмадууддаа тэтгэмж олгож, амралт сувилалд амраан, ахмадуудын  чийрэгжүүлэлтийн танхим байгуулсан. Эмнэлэгийн залуу мэргэжилтнүүдэд ахмад мэргэжилтнээрээ зөвлөгөө, мэргэжил арга зүйн сургалт хийлгэдэг болсон гэх мэтээр олон шинэлэг ажил нь Ахмадад ээлтэй байгууллага болох гол үнэлэмж болжээ.

Хулд сумынхны хувьд бүх байгууллага нь ахмадын сан, түүх, алдрын танхимтай болж, сумын ахмадын өргөөг засч тохижуулан тогтмол үйл ажиллагаатай болгосон. Ахмад настны ур чадварт тохирсон хөдөлмөр эрхлүүлж, өрхийн үйлдвэрлэлийг нь дэмжин, газар тариалан хөгжүүлэхэд ахмадуудыг идэвхитэй оролцуулж байгаа. Сар бүрийн эхний долоо хоногийг ахмадын өдөр болгож, эрүүл мэндийн үзлэг, чийрэгжүүлэлтэд хамруулдаг болсон. 230 гаруй ахмадыг харъяалалтай болгож, улирал тутамд ахмад настнаа алдаршуулах үйл ажиллагаа зохион байгуулдаг болжээ.

Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар ахмадад ээлтэй сум, байгууллага шалгаруулах журмыг 2012 баталсан байдаг бөгөөд 4 дэхь удаагийн шалгаруулалтаар ийнхүү ЭМГ, Хулд сум Ахмадад ээлтэй байгууллага, сумын өргөмжлөлийг хүлээн авчээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ