Г.Тогоотөмөр: 2016 онд улсын сайн малчин болохын төлөө зүтгэнэ дээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 23:10:46

Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир, Тарагт сумын Засаг дарга Х.Дашдэлэг нар тус сумын 3-р багийн иргэн “Аймгийн сайн малчин” Г.Тогоотөмөрт шагналыг гардуулан өглөө.

Г.Тогоотөмөр гуай 1968 оноос эхлэн тасралтгүй мал маллаж, “Сумын манлай малчин”, “Аймгийн манлай малчин” зэрэг шагналаар хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж байсан ба энэ жил 950 хонь, 200 гаруй ямаа, 100-аад адуу, 80 гаруй үхэр зэрэг нийт 1300 гаруй толгой мал тоолуулжээ.

Тэрээр “ Би 4 дүгээр ангиа төгсөөд мал дээр гарсан, малчны мэргэжилтэй хүндээ. Аав, ээж минь малчин, удам дагасан малч хүмүүс. Аав маань өөд болоход би 15 настай, 4 өнчин дүүтэйгээ өрх толгойлоод л үлдсэн. Дүү нараа гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, гурван дүүгээ айл гэр болголоо. Нэг дүү минь “Аймгийн сайн малчин. Нөгөө дүү “Мянган малчин” болсон.

Би өөрөө хоёр охин, долоон хүүтэй. Тэднээс гурав нь малчин. Бусад нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Би эхнэр Н.Янжмаатайгаа ханилаад 40 жил болж байна. Хань минь ч хар багаасаа мал малласан хүн. Энэ жил мал маань 300-аад толгойгоор өслөө. 2016 онд 2016 онд төл малаа сайн авч, улсын аваргамалчин болохын төлөө зүтгэнэ дээ. Өвөрхангайчуудыгаа сар шинэдээ сайхан шинэлээрэй, төл малаа бүрэн мэнд аваарай гэж хэлмээр байна” гэв.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ