Москвагийн буриад иргэд “Сагаалганаар“ ёохорын флешмоб зохион явуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
erdenechimeg@montsame.mn
2016-02-13 13:46:50

Москвагийн буриадууд XVII жарны Гал бичин жилийн Сар Шинийн /Сагаалган/ баяраа  алдарт  ВДНХ-гийн  /Улс Ардын аж ахуйн үзэсгэлэн/  гол талбай дээр үндэсний ёохор бүжгээ хийж, буриад ардын дуугаар угтацгаав.

Баярын  энэхүү арга хэмжээ олон улсын “Глобальный ёхор-2016” /Даяаршлын ёохор -2016”/  флешмобын хүрээнд болов. Мөн энэ жил тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй Буриадын нийслэл Улаан-Үд хот байгуулагдсны 350 жилийн ойд зориулж байгаа аж.

Москва хотод аж төрдөг буриадуудын тоо төдийлөн их биш юм. Гэсэн хэдий ч, тэдгээрийг төлөөлж  хэдэн арван буриад иргэд  ВДНХ руу зориудаар уламжлалт ёохор бүжихээр  иржээ. Тэд Сагаалган буюу Цагаан  Сарын  Шинийн баяраа ийн тэмдэглэхээр буриад үндэстний гоёмсог хийцтэй малгай, дээл хувцсаа өмсөж иржээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Буриад улсын Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын  тэргүүн, Буриад улсын Засгийн газрын дэд тэргүүн Анатолий Лехатинов сурвалжлагчид ярихдаа

”Өнөөдөр бид Хаврын тэргүүн сарын Шинийн нэгнийг баяр хөөртэй угтаж байна. Шинийн нэгэнд  хүмүүс уламжлал ёсоор 5 цагт  эртлэн босч,  ургах нартай уулзаж, сүү, цайныхаа дээжийг дөрвөн зүгт сайн сайхан ерөөл хэлж өргөдөг сайхан  уламжлалтай билээ. Манай Шинэ жилийн баярыг Цагаан сар /Белый месяц/ хэмээн нэрлэдэг.  Энэхүү баярыг бид хоёр долоо хоногийн турш тэмдэглэдэг. Сонирхолтой нь, манай Төлөөлөгчийн газар Москвагийн “Красные ворота” буюу орчуулбал мөн “Улаан Үүд” хэмээх  метроны станц  дээр байрладагт бид их бэлгэшээдэг. Иймд бид үндэсний бүжиг ёохороор флешмобыг Москвад  зохион явуулж  тэмдэглэлт ойдоо бэлэг барихаар  шийдсэн юм” гэлээ.

"Глобальный ёхор-2016” флешмоб 5 дахь жилдээ болж байгаа аж. Харин үүнд ВДНХ  анх удаагаа нэгдсэн.“ВДНХ” бол бидний хувьд олон үндэстний найрамдлын бэлэг тэмдэг, иймд энэхүү флешмобын Москвагийн хэсгийг  чухамхүү энд явуулах нь зөв зүйтэй хэрэг” гэж арга хэмжээг зохион байгуулагчид үзэж байна. Дашрамд хэлэхэд, энэ удаагийн  флешмобд Москвагийн иргэдээс гадна алс холоос ирсэн  Бельги хүмүүс ч буриадын ёохор  бүжиж хөөр баяр дүүрэн оролцов. 

Москва хот. А.Огторгуймаа.

Холбоотой мэдээ