38 тарваганы тулам нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-15 16:46:01

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэл рүү нэвтрэх авто тээврийн шалгах бүртгэх товчоодод 24 цагаар байнгын хяналт тавьж ажиллаж байна.

Өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 3-ны хооронд гэхэд нийт 17277 тээврийн хэрэгсэл шалгаж, зөвлөмж сэрэмжлүүлэг тараажээ. Товчоодод хийж буй хяналт шалгалтаар наймдугаар сард 30, есдүгээр сард 38 тарваганы тулам нийслэл хот руу нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлж, ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн аж.

ДЭМБ-ын мэдээгээр жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг. Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой гэж үздэг.

Иймд МХЕГ, НМХГ, ЗӨСҮТ, Нийслэлийн ОБГ, Нийслэлийн ЭМГ, Хан-Уул дүүргийн ОБХ, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Гал унтраах аврах 30 дугаар анги, “Цэц до” Өрхийн эрүүл мэндийн төв, “Гүн тэрэм” ХХК зэрэг 14 байгууллага хамтран “Тарваган тахал өвчний үед авах хариу арга хэмжээ” үзүүлэх сургуулилтыг энэ сарын эхээр хийжээ.

Яармагийн авто тээврийн шалган бүртгэх товчоон дээр зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр суудлын авто машины тээшнээс тарваганы тулам илрүүлсэн, тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн нийслэлд илэрч байгаагаар цагийн байдал үүсгэн, ажилласан байна.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд