Монголын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн төлөө ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-17 16:55:32

Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл” дурсамж уулзалт өнөөдөр болов.

Монгол-Японы Найрамдлын нийгэмлэгээс зохион байгуулсан уг уулзалтад Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Д.Арвин болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

1972 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосон. Ийнхүү Япон улс социалист нийгмээр хөгжиж байсан Монгол Улсын дипломат харилцаа тогтоосон хоёр дахь хөрөнгөтөн орон болсон билээ. Үзэл суртлын ялгаанаас үүдэн хоёр орны харилцаа 1990-ээд оныг хүртэлх дорвитой хөгжих боломж хязгаарлагдмал байв. Харин Монгол Улсад ардчилал, зах зээлийн эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих үеэс эхлэн хоёр орны харилцаа идэвхжиж, эдүгээ Монгол, Японы харилцаа ардчилал, зах зээлийн эдийн засаг гэсэн нэгдмэл үнэт зүйлст тулгуурлан бүхий л салбарт амжилттай хөгжиж байна хэмээн Монгол-Японы Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Д.Ганболд нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Монгол Улс нийгмийн шинэ тогтолцоонд шилжиж, төсөв хүндэрч, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг томоохон салбаруудыг уналтад орсон цаг үед Япон Улсын буцалтгүй тусламжтайгаар тогтворжуулж чадсан юм. Тухайлбал, IV цахилгаан станцын хэвийн ажиллагааг хангах, харилцаа холбооны салбарт ИНТЕЛСАТ станц суурилуулах, Замын-Үүдийн  ачаа шилжүүлэх байгууламжийг сайжруулах, аймаг сумдад дизель станц суурилуулах, бага дунд сургуулиудыг өргөтгөн шинэчлэх зэрэг олон тооны төслийг Япон улсын дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжүүлж ирсэн нь Монголын эдийн засгийг сэргээн босгоход бодитой хувь нэмэр оруулсан” хэмээв.

Харин Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, “Японы Засгийн газар өнгөрсөн хугацаанд Монголд буцалтгүй тусламж олгохдоо ихэвчлэн боловсролын салбарт хөрөнгө оруулдаг. Тухайлбал, сүүлийн хэдэн жилд 55 ерөнхий боловсролын сургууль шинээр барьж, 300 гаруй сургуульд засвар хийсэн. Энэ онд  40 сургууль барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

Хоёр орны хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан худалдаа хийх боломжийг бүрдүүлэх үүднээс өнгөрсөн онд “Эдийн засгийн түншлэлийн гэрээ”-г баталсан. Энэ гэрээ тун удахгүй хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Гэрээний хүрээнд нэн тэргүүн хоёр орны гаалийн татварыг бууруулах, тэглэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Тухайлбал, Монголын загварлаг, чанартай ноолууран цамцыг гаалийн татваргүйгээр Японы зах зээлд нийлүүлэх юм. Одоо Япон улс ихэнх ноолууран цамцаа БНХАУ-аас авдаг. Монголын бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлснөөр Японы зах зээлд Монгол ноолууран цамц өрсөлдөх, байр сууриа тогтоох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Цаашдаа “Эдийн засгийн түншлэлийн гэрээ”-ний дагуу Монголын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно” хэмээв.

Япон Улсаас Монгол Улсад жилд дунджаар 45-50 сая ам.долларын хөнгөлөлтэй зээл, 30-35 сая ам.долларын буцалтгүй тусламж, 10 гаруй сая ам.долларын техникийн хамтын ажиллагааны тусламж олгосоор ирсэн нь манай улсад олгож буй гадаадын зээл тусламжийн 33 хувийг эзэлж байгаа юм.

2014 оны байдлаар Японы томоохон арилжааны банкууд болох Мицуи Сүмитото банк, Мицубиши Ю-Эф-Жэй банк Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа тус тус байгуулж, хоёр талын эдийн засгийн солилцоог эрчимжүүлэх, бизнесийг холбох чиглэлд идэвхтэй үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ