А.Бакей: УИХ-ын тогтоолд гээгдсэн заалт бий

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-19 17:19:02

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Сонгуулийн тухай шинэ хуулинд “Ээлжит сонгууль болохоос 6 сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэсэн заалт тусгаагүй тухай яриа гарсан. Энэ тал дээр тайлбар хийхгүй юу?

-Өмнөх хуулинд 6 сарын өмнө хуулинд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт байсан. Шинэ хуулинд анхнаасаа ийм заалт орж ирээгүй. Үүнийг нь төсөл санаачлагчдаас асууж тодруулсан. Хуулийн тухай хууль мөрдөгдөж эхэлнэ. Тус хуулиар бол УИХ-д өргөн мэдүүлж байгаа аливаа хуулийн төслүүдэд маш өндөр шаардлага тавихаар болсон. Тэгэхээр тус хуулиар зохицуулалт хийсэн гэж үзсэн.

Нөгөөтэйгүүр 2003 онд Хүний эрх хангах үндэсний хөтөлбөрийг УИХ-ын тогтоолоор баталсан. Тус хөтөлбөрийн 2.2-ын 1.2-т “Ээлжит сонгууль болохоос 6 сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж тусгасан байгаа. Тиймээс Сонгуулийн тухай хуулинд энэ заалт байсан байгаагүй хууль зүйн хувьд өөрчлөлт орох үндэслэл байхгүй.

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс тухайн 7 хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг баталдаг. Зөвлөлийн хуралд нам эвслийн дарга удирдлагууд оролцдог. Тиймээс тухайн хурлаар цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байх тохиролцоо хийж болоогүй юм уу?

-УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар 7 хоног тус бүрээр УИХ-ын үйл ажиллагааг товлодог. Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцээд УИХ-ын дарга шийдвэр гаргадаг. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт оролцсон.  М.Энхболд дарга мөн оролцсон. Тэгээд “Ийм ийм асуудал хэлэлцэх нь” гэдгийг танилцуулсан. Тэр дагуу олонхоороо шийдвэрээ гаргасан.

-Тухайн үед МАН-ын бүлгийн зүгээс цэцийн гишүүнийг эргүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулвал чуулганы хуралдаанд суухгүй гэсэн шаардлага тавьсан уу?

-Би тэгж ярьсныг санахгүй байна.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ