Малчны хариуцлагыг онцгой анхаарах хэрэгтэй гэв

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-02-20 14:51:59

 Албаны хүний хэлж буйгаар малчид өөрсдийн хувийн бэлтгэлийг  сайтар хангахгүй байгаа нь өвөл цас орж, хүйтэрсэн нөхцөлд барьж алдаж сандарч эхлэхэд хүргэж буй аж.

Засгийн газрын шийдвэрээр өвөлд бэлтгэх  албан даалгаврын хүрээнд аймаг, сум бүр тодорхой журмын дагуу өвс тэжээлийн нөөц бүрдүүлдэг атал малчид дор бүрнээ хангалттай бэлтгэл хийдэггүй, мал сүргээ тарга тэвээрэг авахуулдаггүй, отор нүүдэл хийдэггүй, өвс тэжээл хангалттай нөөцөлдөггүй залхуу байдалтай байгаа нь өвлийг өнөтэй давахад учирч буй саад бэрхшээлийн нэг болжээ.  

Тэр бүү хэл хашаа хороогоо засаж сэлбэх, өтөг бууцаа цэвэрлэх, худаг ус гаргах гээд малчин хүн бүрийн нэн трүүнд  хийх ёстой ажлыг малчдын өмнөөс мал аж ахуй хариуцсан албаныхан, ажил хариуцсан байгууллага л хэлж ярьдаг болсон талаар учир мэдэх хүн ярив.

Зарим малчин хотонд нь гарсан малын өвчнийг нуун дарагдуулах, бусад хүмүүст өвчтэй малаа худалдах, төлбөр төлөхгүйгээр малаа тариулахыг боддог  зэрэг хариуцлагагүй  байдал  гаргадаг байна. Өвлийн бэлтгэлийг 10-аад үзүүлэлтээр дүгнэдэг бөгөөд Дорноговь аймгийн малчдын өвлийн бэлтгэл 47 хувьтай байгаа  аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ