Хорт зуршлын эсрэг нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 21:27:56

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтэс, Эрүүл мэндийн газар, “Дэлхийн зөн-Баянхонгор1 ОНХХ” хамтран “Хорт зуршлын эсрэг нэгдэцгээе” аяныг зохион явуулжээ.

Тус аяны удирдамжийн дагуу аймгийн төвийн 5 ахлах сургууль, “Өлзийт сумын “Сайн-Оюут” ахлах сургууль, Эрдэнэцогт сумын “Цогц-Эрдэм” ахлах сургуулиудын ахлах ангийн болон “Эрүүл мэндийн клуб”-ын идэвхтэн сурагчид  оролцож  сургууль бүр дээрээ төрөл бүрийн нөлөөллийн  арга хэмжээ, сургалт сурталчилгааг хийжээ. Мөн аавуудын “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээн, илтгэлийн болон  “Дэвжээ” тэмцээн зохион байгуулж, нийт 2500 орчим сурагчийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулсан байна.

Сурагчдын илтгэлийн уралдаанаас архи, тамхины хамааралтай гэр бүлд өсч буй сурагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгөх сэтгэлзүйчтэй болох, эцэг эхчүүдийн хүүхдүүддээ тавих анхаарлыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, биологийн хичээлүүдээр архи, тамхины хор уршгийн талаарх хичээлийг сард нэг удаа заах, сургуулийн багш, ажилчид өөрсдөө үлгэр дуурайлал болж тамхинаас гарах зэрэг архи тамхинаас урьдчилан сэргийлэх саналуудыг гаргажээ.    

Аяны хүрээнд зохион байгуулсан дээрх ажлуудад оролцсон оролцоо, амжилт, нөлөөллийн ажлуудын үр дүн, цар хүрээ, тухайн сургуулийн хийсэн ажлын тайланг харгалзан үзэж 2 сургуулийг шилдгээр тодруулсан бөгөөд нэгдүгээр байранд “Соого-сейеко” сургууль, 2 дугаар байранд Өлзийт сумын “Сайн-Оюут” ахлах сургуулийг шалгаруулж, “Дэлхийн зөн” ОУБ-аас санхүүжүүлсэн өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнажээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ