М.Нямжаргал, Ц.Отгонбилэг нар 2 дахь түрүүгээ авлаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2016-02-22 14:07:49

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Техник технологийн дээд сургууль хамтран зохион байгуулсан оюутны улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 19-21-нд “Монгол Коосэн” сургуулийн байранд болж шилдгүүдээ тодруулав.

Ес дэх жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 33, эмэгтэй 22, нийт 55 тамирчин /үүнээс Олон улсын их мастер цолтон 1, Дэлхийн даамын холбооны мастер 4, спортын мастер 1, дэд мастер 8 байв/ оролцсон юм. Швейцарь системээр эрэгтэйчүүд найман өрөг тоглоход ДДХМ Ц.Отгонбилэг боломжит 16 онооноос 15-ыг авч тэргүүлж, ДДХМ Г.Гэрэлболд 14, ДДХМ Ц.Сүхбат 11 оноогоор удаалсан байна.

Харин эмэгтэйчүүд долоон тавил тоглосноос ОУИМ М.Нямжаргал боломжит 14 онооны 13-ыг авч аваргаар тодорлоо. Спортын мастер М.Одгэрэл, ДДХМ А.Дашбаяр нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Дашрамд сонирхуулахад, Ц.Отгонбилэг, М.Нямжаргал нар өнгөрсөн онд оюутны УАШТ-д анх удаа оролцоод түрүүлсэн бол өнөө жил хоёул амжилтаа давтаж хошой аварга болов.

Д.Өлзий

Холбоотой мэдээ