Хулгайн гэмт хэрэгтэй 4 сая төгрөгөөр тэмцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 16:09:45

Өвөрхангай аймагт гарч буй гэмт хэргийн дийлэнх хувийг хулгай эзэлж байна. Энэ нь ажилгүйдэл, ядуурал, иргэдийн оюун санааны доройтолтой шууд холбоотой юм.

Цаашид бүх төрлийн хулгайн гэмт хэрэг өсч, үүнд хүүхэд холбогдох явдал нэмэгдэх хандлагатай байгаа тул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2016 оныг “Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” зорилтот жил болгон зарлажээ.

Энэ онд хулгайн төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллах бөгөөд үйл ажиллагаанд 4 сая төгрөгийг батлаад байна. Хулгайн гэмт хэрэг нь ихэвчлэн ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа учраас камерын тоог олшруулах, чанаржуулах, Олон нийтийн цагдаа, Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж байнгын эргүүлд гаргах, гудамж бүрт сэрэмжлүүлэх хуудас наах, хүүхдийг тухайн гэмт хэрэгт холбогдуулахгүйн тулд ар гэр, багш нартай нь хамтран ажиллахад чиглэсэн тодорхой ажлуудыг төлөвлөжээ.

Аймгийн Шүүх, Прокурорын байгууллагаас хулгай, танхайн хэрэг олон гарч байгаа сумдад нүүдлийн шүүх хурлыг зохион байгуулж байгаа нь иргэдэд бодит мэдээлэл, сэрэмжлүүлэг өгсөн үр дүнтэй ажил болж байгааг аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Г.Ганболд хэлж байв.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ