“Түрээсийн орон сууц”-нд хамрагдахаар 300 гаруй хүн өргөдөл өгөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 14:06:51

Ховд аймагт Ховдын өргөө, Электроинстейншль компаниудын барьсан 120 айлын орон сууц түрээсийн орон сууц хөтөлбөрөөр иргэдэд олгогдох төлөвтэй байна 

Тус аймгийн ЗДТГ-ын Хагжлийн хэлтсийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Б.Идэрбат “ Засгийн газрын тогтоолын дагуу түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ ирүүлсэн 300 орчим өргөдөл ирээд байна. Энэ өргөдөл өгсөн бүх хүн орон сууцанд орох эсэх нь журмаараа шийдэгдэнэ. Харин бид өргөдөл өгч байгаа хүмүүст журам, зөвлөгөө өгч байна. Дээрх хоёр компани 120 байрны хэдийг нь түрээслэх, хэдийг нь зарах эсэхээ барилгын компаниуд  өөрсдөө шийднэ” гэв.

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ өгсөн иргэдийн дийлэнх нь өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол энэ оны 1 дүгээр сарын 2-нд батлагдсан юм. 

Тогтоолоор түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан Улаанбаатарт 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон.

Энэхүү тогтоол гарсныг ард иргэд дэмжиж хямд түрээс төлж орон сууцанд амьдрах хүсэл тэмүүлэл ихэсч, их хэмжээний мөнгө хуримтлуулж чадахгүй байгаа иргэдийн хувьд боломжтой хувилбар гэж үзэж байна. 

Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц /Буянт-Ухаа 2 хороололд/, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн тухай мэдээлэл бий.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ