Бөмбөгдөлтөөс үүссэн агаарын долгион газрын гадаргаас дээшээ 1000 км-т мэдрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-28 15:23:17
twitter.com/Nyamkanmk

ЛОНДОН. /ВВС/. Дэлхийн II дайны үеэр холбоотнуудын хүчнүүдийн ашигласан бөмбөг маш том байсан бөгөөд дэлхийн агаар мандалд сөргөөр нөлөөлсөн байна.


Холбоотнуудын өгсөн агаарын цохилт нь хотуудыг үнс нурам болгосны зэрэгцээ сүүлд хийсэн судалгаагаар бөмбөгдөлтөөс үүссэн агаарын долгион газрын гадаргаас эгц дээшээ 1000 км мэдрэгджээ.


“Энэ судалгааны үр дүнг хараад би ихэд гайхсан. Нэг удаагийн бөмбөгдөлт наад зах нь аянгын 300 цохилттой адил хэмжээний эрчим хүч гаргаж байсан” гэж “Reading” их сургуулийн профессор Крис Скот хэллээ.


Аянга, галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт зэрэг байгалийн хүчин зүйлс дэлхийн агаар мандалд хэрхэн нөлөөлдөг вэ гэдийг ойлгоход энэхүү судалгаа тус болно гэж эрдэмтэд найдаж байна.


Холбоотнуудын хүчнүүдийн Европт хийсэн 152 удаагийн бөмбөгдөлт хийх үеэр агаар мандлын электроны концентраци хэрхэн өөрчлөгдсөнийг эрдэмтэд судалжээ. Бөмбөг хаях үед электроны концентраци огцом буурч, агаар мандалд халалт үүсч байсныг судалгааны үр дүнд олж мэдсэн байна. Үүний зэрэгцээ бөмбөгдөлт нь ионосферын давхаргад асар их хомсдолыг үүсгэдэг ажээ.


“Гэвч агаар мандалд халалт үүсгэсэн түр зуурын нөлөө маш бага. Ионосферын давхаргад үүссэн нөлөө нь халалт дуусахад арилж байна” гэж Крис Скот хэлэв.


Мөн тэрбээр, "бид ионосферын давхаргыг бүхэлд нь судалж мэдэхэд энэхүү судалгаа маш чухал үүрэгтэй. Уг давхарга нь нарны идэвхжилтээс хамааралтай гэдгийг бид мэдэх боловч одоогийн нөхцөл байдалд өөр тайлбар шаардлагатай болж байна" гэж хэлжээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ