Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хориглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-05 10:40:31

Увс /МОНЦАМЭ/. Увс аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан Улаангом сумын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 6-ны өглөөний 07 цагаас өдрийн 11 цаг хүртэл, худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг өглөөний 08 цагаас өдрийн 12 цагийн хооронд тус тус түр хугацаагаар хязгаарлахаар боллоо.

 Энэ хугацаанд Улаангом сумын иргэд багийн харъяаллын дагуу дөрвөн цэгт очиж жагсан гамшгийн иж бүрэн сургуулилтад оролцох юм байна.Увс аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт явагдаж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 1-ний өдрийн 9 цагаас 7-ны  21 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа юм. Мөн орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудыг аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулна.

Одоогийн байдлаар аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад гамшгаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журам, байрзүйн зургийн ашиглалт, анхны тусламж хэрхэн үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдал, гамшгийн үеийн холбоо зарлан мэдээлэл, гамшигт өртсөн хүмүүсийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тэдгээрийг нүүлгэн шилжүүлэх зэрэг сэдвээр сургалт явуулж байна. 

                                                                             

Б.Батхүү

Холбоотой мэдээ