ДОРНОГОВЬ: Батлан хамгаалах нөхөрлөлийн хот Сайншанд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Чөлөөлөх дайны 80 жилийн ой энэ онд тохиож буй. Дорноговь
аймаг чөлөөлөх дайны үеийн түүхэн үйл явдлыг өгүүлсэн газар юм. Аймгийн
төв Сайншанд хот чөлөөлөх дайны үйл явдалтай хэрхэн холбогддог тухай өмнө нь бичиж байсан мэдээллээ сэргээн хүргэж байна.
Сайншанд хотыг батлан хамгаалах, нөхөрлөлийн хот хэмээн нутгийн
зарим зохиолч уран бүтээлчид бүтээл туурвилдаа дурдсан байдаг нь цаанаа ихээхэн
учиртай юм. Монгол орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг сахин
хамгаалах үйлсэд Сайншанд хот томоохон учир шалтгаанаар холбогддог.
1941 оны долоодугаар сарын 23-ны тэр нэгэн зуны халуун өдөр Монголын ардын армийн анги, нэгтгэлийн гол зүрх нь болсон хуягт бригадын нийт бүрэлдэхүүн дээд командлалынхаа тушаалаар улсынхаа өмнөд хилийг хамгаалахаар маршаар Улаанбаатар хотын Улиастайгаас хөдөлж Хоолтын давааг даваад Өгөөмөр хэмээхэд үдлэн, Жанжин Чойр хотхоныг дамжин, Айраг сумын Дайн товгийн талыг туулаад Дорноговь аймгийн төв хэмээгдээд аравхан жилийн нүүрийг үзэж байсан Далайн Сайншанд гэх монгол бичгийн есийн тооны хэлбэр бүхий сонин тогтоцтой нэгэн газарт ирж байрлажээ.
Тухайн үед аймгийн төвд шавар, тоосго болон байгалийн чулуугаар
барьсан цөөн тооны хэдэн жижиг барилгатай, оршин суугчдын үндсэн орон сууц нь
эсгий гэр бүхий гэр хорооллууд байсан ажээ. ЗХУ-аас Монгол Улстай байгуулсан
харилцан туслалцах гэрээний дагуу Зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлүүд
байрласнаар өөрсдөө хоёр давхар орон сууц, театр, соёлын төв, эмнэлэг, халуун
ус, авто паркийн шинэхэн барилгуудыг урд дэнж дагуу барьсан байдаг.
Энэхүү хуягт бригад нь буудлагын, дунд хуягтын, тагнуулын зэрэг
батальонууд болон моторчилсон анги, их бууны батарей, холбооны суман, тээврийн
рот, хөгжмийн салаа, комендат, эмнэлгийн салбар, бригадын штаб, улс төрийн
хэлтэс зэрэг салбар албадад 143 цэрэг, дарга нар болон тэдгээрт бага дарга,
цэрэг 1303 хүн хамрагдаж байв. Мөн байлдааны хуягт машин 68, тээврийн авто машин
145, нийтдээ 213 хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр Сайншандад шилжин ирж суурьшжээ.
Хуягт бригад нь Сайншандад маршлан ирсэн
өдрөөсөө эхлэн бүх машин техникээ далдлах ажлыг өдөр, шөнөгүй хийж гүйцэтгэсэн
бөгөөд цөөн хоногт багтаан уг тушаал шийдвэрийг хэрэгжүүлж чадсан байна.
Хуягт бригадыг Сайншандад ирж байрласны
дараахан Монгол Улсын төр, засаг, намын удирдлагууд Г.Бумцэнд, маршал
Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, тухайн үед ЗХУ-аас Монгол Улсад сууж байсан бүрэн эрхт
элчин сайд Иванов нар тус аймагт ирж, хуягт бригадын ажилтай танилцаж,
холбогдох арга хэмжээг авч байжээ.
Тус Хуягт бригадын даргаар ажиллаж байсан
Монгол Улсын баатар Гонгор Сайншандад шилжин очсоныхоо дараа жил ажлаасаа
чөлөөлөгдсөнөөр бригадын командлагчаар Хурандаа Б.Цог томилогдож 1943 оны
есдүгээр сар хүртэл ажиллаад ЗХУ-д суралцахаар явжээ.Тиймээс бригадын
командлагчаар хурандаа Д.Нянтайсүрэн томилогдон ажиллаж чөлөөлөх дайнд оролцож
гавьяа байгуулсан юм. Сайншандын мото-механикжуулсан долоодугаар хуягт бригадын
нийт офицерын өргөтгөсөн зөвлөгөөн 1945 оны наймдугаар сарын 1-нд болж, зохих
үүрэг даалгавар авав.
Зургаан баатрын хөшөө
Ийнхүү хуягт бригад Сайншандаас хөдөлж
Жанчхүүгийн даваа хүртэл тулалдан баатарлаг гавьяа байгуулсан бөгөөд
Д.Нянтайсүрэн, Д.Данзанваанчиг, С.Дампил, Дүүдэй, Л.Аюуш, М.Жанчив нарын
зургаан баатар төрүүлсэн ганцхан анги хэмээн түүхэнд алдаршсан билээ. Байлдаанд
оролцсон анги нэгтгэлийг Сайншандын төвөөс урагш арваад км-т эргэж ирэхэд
аймгийн Намын хорооны дарга Чойжамц угтан тосч цэрэг дарга нартай нэг бүрчлэн
гар барьж баяр хүргэсэн талаар Д.Сэдэд гуайн бүтээсэн “Сайншандаас Жанчхүүгийн
даваа хүртэл” хэмээх номд дурджээ.
Хурандаа Д.Нянтайсүрэн, хошууч Т.Санзай,
цэргийн яамны төлөөлөгч хошууч Рэндоо, хошууч Цэдэндамбаа болон аймгийн
удирдлагуудын суудлын машинууд болон цэргийн техникүүд урт цуваагаар Сайншандад
ирсэн нь сүр жавхаатай, бахархал дүүрэн үйл явдал болжээ. Сайншандад ирээд
аймгийн болон цэргийн удирдлагууд, зөвлөхүүд шинээр байрлуулсан индэр дээр гарч
баяр хүргэсэн бөгөөд байлдааны амжилтыг сайшаан тэмдэглэж улс төрийн товчооны
гишүүдийн зураг бүхий гоёмсог самбарыг 2000 төгрөгийн хамтаар шагнажээ.