Орост авлигачдын мөнгийг Тэтгэврийн санд шилжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-09 11:55:02

МОСКВА. /ТАСС/. Авлигын гэмт хэргийг илрүүлж, хурааж авсан хөрөнгө мөнгийг 2019 оноос эхлэн тэтгэвэр олгоход зарцуулна гэж ОХУ-ын Тэтгэврийн сангийн тэргүүн Антон Дроздов Известия сонинд мэдээлжээ.

Түүний тодруулан хэлснээр, авлигачдаас хурааж авсан мөнгийг одоогоор улсын төсөвт шилжүүлдэг бөгөөд юунд зарцуулсан нь тодорхойгүй байдаг. Харин ирэх оноос эхлэн Төрийн Думд өргөн барьсан төсвийн төсөлд энэ мөнгийг Тэтгэврийн сангийн орлого байхаар хэдийнэ тусгасан бөгөөд авлигачдаас хурааж авсан мөнгийг гарцаагүй тэтгэвэр олгоход зарцуулах болно гэж Дроздов хэлсэн байна.

"Авлигчдын хөрөнгө мөнгийг хааш нь шилжүүлж байгааг ёс суртахууны хувьд хүн бүхэн мэдэх ёстой. Хүмүүс ийм мөнгийг чухам юунд зарцуулж буйг тодорхой мэдэж байх хэрэгтэй. Хэдий хэмжээний мөнгө байх нь чухал биш гэж Дроздов нэмж хэлжээ.  

Орост ажил хийдэг тэтгэвэрт гарсан хүмүүсийн орлогын  дундаж хэмжээ 46 мянган рубль байна гэдэг дүгнэлтийг Сбербанк-ны судлаачид хийжээ. Тэдний судалгааг аравдугаар сарын 8-нд нийтэлсэн байна. Энэ нь дунджаар авч үзэхэд оросуудын тэтгэвэрт гарахаас өмнө авдаг цалингийн хэмжээнээс дээгүүр үзүүлэлт юм. Харин тэтгэвэрт гарах үед Оросын иргэдэд их хэмжээний хуримтлал байдаггүй бөгөөд хуримтлалын дундаж хэмжээ 150 мянган рублиэс хэтэрдэггүй байна. 

Холбоотой мэдээ