Эмнэлгийн үйлчилгээ цахимжсан нь иргэдэд чирэгдэл багатай байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-10 18:48:33

Завхан/МОНЦАМЭ/. Завханд “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд 24 сумын Эрүүл мэндийн төв тоног төхөөрөмжөөр хангагдаж иргэд онлайнаар шинжилгээ болон нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хуваариа авдаг болжээ.

Сум дундын эмнэлэгт төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийг түшиглэн алсын зайн сургалт, онлайн хурлыг амжилттай хийж нэгдсэн холболтын системийг бүрэн суулгаснаар эмч нар хоорондоо онлайнаар холбогдох эмчийн бичиггүйгээр цахим сүлжээгээр өвчтний нарийн бүртгэл, шинжилгээг хянах, зөвлөлдөх боломжтой болсон байна.

Сумын эрүүл мэндийн төвүүд шууд онлайн болсноор иргэдэд олон давуу тал буй болжээ. Учир нь иргэдийн зарим өвчний мэдээллийг онлайнаар шууд өгснөөр сумын эмч нар аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нараас шууд зөвлөгөө, эмчилгээг авах бололцоотой. Иргэд өвдсөн тохиолдолд заавал аймгийн төв орж шинжилгээ өгөх, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй болсон байна.

Мөн цахим бүртгэлийг амбулаторийн хэмжээнд ажиллуулснаар үйлчилүүлэгчдийн бүртгэл нь цахим хэлбэрт шилжин үйлчлүүлэгчид энэ бүртгэлээр хэд хэдэн эмчид зэрэг үзүүлж зөвлөгөө авах боломжтой  төдийгүй үйлчилгээ шуурхай болж, зардал чирэгдэл багасчээ. Өмнө нь нэг эмчид үзүүлэх бүртээ дугаар авдаг, шинжилгээг заавал аймгийн төвийн эмнэлгийн лаборарид өгдөг байж.

Харин өнөөдөр өвчтнүүд зөвхөн нэг бүртгэл, дугаараар зэрэг эмчид үзүүлж цаг хугацаа хэмнэх, үйл ойлголцол гарахгүй, нэг эмчид үзүүлэх гэж дугаар үүсгэх, эмх замбараагүй байдал гаргахгүй гээд олон давуу талууд гарч буй талаар аймгийн Нэгдсэн эмнэлэг мэдээлэв. Мөн сумын эмч нарын хувьд дадлага туршлагатай болж сумандаа нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, удирдлагаар шууд хангагдаж үзлэг оношилгоогоо хийж байгаа аж.

Б.Мягмарсүрэн   

Холбоотой мэдээ