Нийгмийн даатгалын үйлчилгээг сумдад нэгэн зэрэг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-17 20:54:09

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж давхардсан тоогоор 2400 гаруй иргэн үйлчилгээ авчээ. Нээлттэй хаалганы өдрийг Завханы 24 суманд нэгэн зэрэг зохион байгуулж 60 байршилд нийгмийн даатгалын хэлтсийн алба хаагчид ажилласан байна.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын ач холбогдол, тэтгэвэр, тэтгэмжийн талаарх ойлголт өгөх, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тайлбарлан мэдээлэл, зөвлөгөөг өгчээ. Мөн газар дээр нь нийгмийн даатгалын үйлчилгээг хийжээ. Тухайлбал сайн дурын даатгалд 159 даатгуулагч хамрагдаж шинээр 31 даатгуулагч бүртгүүлж эрүүл мэндийн даатгалд 150 даатгуулагч даатгуулжээ. Мөн Нийгмийн даатгалын гар утасны аппликейшныг 143 даатгуулагчдад суулгаж эрх нээж баталгаажуулж өгсөн байна. Түүнчлэн 417 даатгуулагчийн Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтрийн баталгаажуулалтыг хийжээ. Мөн үеэр  2018 онд шинээр батлагдан хэрэгжиж буй нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлахын зэрэгцээ нийгмийн даатгалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, 2000 гаруй иргэнд тараах материал тарааж,сурталчилгаа хийсэн байна. Манай Нийгмийн даатгалын хэлтсээс жил бүр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Иргэд ч энэ үйл ажиллагааг маш таатай хүлээж авч үйлчилгээг аль болох түргэн шуурхай хүлээж авахыг зорьдог болжээ хэмээн Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ