Завханы 14 суманд сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-25 10:22:47

Завхан/МОНЦАМЭ/.Завханд 2018 онд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөр хийгдэх барилга угсралт, их засварын ажлын зураг төсөв хийх, гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажил дуусчээ. Улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилга угсралтын ажлын цаг үеийн мэдээллийг аймгийн Газрын Харилцаа, Барилга, хот байгуулалтын газраас хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.  

Энэ жил аймгийн хэмжээнд 14 суманд шинэ барилга баригдах шав тавигдаж барилгын ажил эхэлсэн байна. Мөн өнгөрсөн оноос баригдаж эхэлсэн дөрвөн сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ. Тухайлбал Отгон сумын Эрүүл мэндийн төвийн барилгын засварын ажлыг “Засагтхан констракшн” ХХК  дуусгасан бол Эрдэнэхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилгын засварын ажлыг “Зост өргөө” ХХК гүйцэтгэж барилгын дотор заслын ажил үргэлжлүүлж буй бөгөөд засварын ажил 90 хувьтай байгаа аж.

Мөн Ургамал сумын Эрүүл мэндийн төвийн барилгын засварын ажлыг “Цагаан Сээр” ХХК, Баянхайрхан сумын 160 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилгыг “Харгант” ХХК  тус тус дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгчээ. Харин Их-Уул сумын 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилгын ажлын зургийг "Гандрис-Од" ХХК, гүйцэтгэгчээр РСТ ХХК ажиллаж хичээлийн байр спорт заалны барилгын цутгалтын ажил хийсэн байна. Өнөөдрийн байдлаар нэг ба хоёрдугаар давхар спорт заалны хэсгийн гадна ханын өрлөг, гадна бохир усны шугам цооногийн ажлыг гүйцэтгэж барилгын ажил 60 гаруй хувьтай байгаа гэж аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.

Таван суманд эрүүл мэндийн төв, цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн

Завханы Цэцэн-Уул сумын 160 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилгын ажлын зургийг "Сэнзо констракшн" ХХК, гүйцэтгэгчээр "Хатиган болор" ХХК гүйцэтгэж нэг, хоёрдугаар давхарын цутгалтын ажил дуусч барилгын ажил 60 хувьтай болжээ. Мөн Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн байр, спорт заал, 100 хүүхдийн дотуур байрны  дээврийн төмөр шинэчлэл, 320 хүүхдийн хичээлийн байрны гадна дотор заслын ажил хийсэн байна. Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газрын барилгын засвар, Тэлмэн сумын хичээлийн Б байрны барилгын засвар, Нөмрөг сумын эрүүл мэндийн төвийн засвар, Идэр сумын эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийн суурийн ажил дуусчээ.

Өнөөдрийн байдлаар Сантмаргац сумын 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга, Их-уул сумын 300 хүний суудалтай соёлын төв, Сонгино сумын Эрүүл мэндийн төвийн барилга, Дөрвөлжин сумын 100 хүүхдийн Цэцэрлэгийн барилга, Шилүүстэй сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын газар шороо суурийн ажил хийж байна хэмээв.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ