Хүнсний эрхийн бичгийг 10 гаруй мянган иргэн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 09:02:45

Хүнсний эрхийн бичиг олгох босго онооны дээд хязгаарыг Засгийн газраас тогтоодог бөгөөд Өвөрхангай аймгийн хэмжээнд 2015 онд 240.3176 гэсэн оноотой тэнцүү буюу түүнээс доош оноотойгоор үнэлэгдсэн 2006 өрхийн 10492 иргэнд дээрх үйлчилгээг үзүүлжээ. Тус үйлчилгээгээр сард өрхийн насанд хүрсэн1 иргэнд 13000 төгрөгийн, хүүхдэд 6500 төгрөгийн эрхийн бичиг олгосон байна.

Нийгмийн халамж,үйлчилгээний ерөнхий газрын даргын 2014 оны 148 дугаар тушаалаардахин үнэлгээний журам батлагдан гарч, Өрхийн амьжиргааг дахин үнэлэх ажлыг иргэдийн өргөдөлд үндэслэн 2015 оны 02 дугаар сараас эхлэн 2 сар тутамд явуулж байгаа юм.

Дахин үнэлгээний журамд зааснаар тухайн өрхөд 3 болон түүнээс дээш тооны гишүүний өөрчлөлт орсон, тухайн өрхөд хөдөлмөрийн насны гишүүн нэмэгдсэн, өрхийн амьжиргаанд нь нөлөөлөхүйц өөрчлөлт орсон, өөр аймаг, хотоос шилжин суурьшсан зэрэг тохиолдолд сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандан өргөдөл гарган өрхийн амьжиргаагаа дахин үнэлүүлэхсудалгаанд хамрагдаж болно. Мөн дахин судалгаанд хамрагдах хүсэлтээ гаргахдаа тухайн өрх өмнөх судалгаанд хамрагдсанаас хойш 1 жилээс дээш хугацаа өнгөрсөн байх шаардлагатай аж.

Монгол Улсад 2013 оноос эхлэн нийгмийн халамжийн дэмжлэг тусламж зайлшгүй шаардлагатай өрхүүдэд хүнсний наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг хүргэж эхэлсэн. 

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ