Цахим орчинд сэтгүүлч ёс зүй, мэргэжлийн ур чадвараараа фэйсбүүкчдээс ялгарахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-23 16:51:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шангри-ла зочид буудлын хурлын танхимд Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-өөс зохион байгуулж буй Сэтгүүлзүйн ёс зүйн форум "Мэргэжлийн сэтгүүлзүй ба дижитал эрин үe" сэдвээр цахим орчинд хэвлэл мэдээлэл, рeдакци өөрийн зохицуулалтыг хэрхэн бий болгох асуудлыг хэлэлцэв.

Иргэд цахим орчин, нийгмийн сүлжээнд сэтгүүлчдээс агуулгын, хурдны хувьд ч зарим тохиолдолд илүү байна. Харин мэргэжлийн сэтгүүлчид мэдээллийг олон талын эх сурвалжаар баталгаажуулж ёс зүйн хэм хэмжээг сахих, мэдээллийг чанартай боловсруулж технологийн дэвшлийг ашиглаж жирийн мэдээлэл түгээгчдээс ялгарч байхыг илтгэгчид уриалав.

Форумын үндсэн илтгэлийг ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа "Цахим сайтууд болон нийгмийн сүлжээн дэх "үзэн ядалтын үг хэллэг" сэдвээр хэлэлцүүлсэн.



Тэрбээр, “Манай төвөөс судалгаа хийхэд цахим сайт болон нийгмийн сүлжээнд олон удаагийн давтамжтай хэрэглэж буй хэд хэдэн "үзэн ядах үг хэллэг" байгааг тогтоосон.

Судалгааг 43 мэдээллийн сайтад хийхэд давхардаагүй тоогоор 130-140 үг хэллэг илэрсэн. Тэдгээрийн 30 хувь нь редакцийн бэлтгэсэн мэдээлэлд, 70 хувь нь сэтгэгдэл хэсэгт байв. Форумаар хэвлэл мэдээллийн редакциудад тэдгээр үг хэллэгээс татгалзахыг уриалж байгаа. Хамгийн гол нь сэтгүүлч энэ үг хэллэгийг цахим орчинд тарааснаар иргэд даган дуурайж нийгмээрээ давалгаалаад байгаа юм.

Мэргэжлийн сэтгүүлчид нийгмийн цахим сүлжээнд мэдээлэл түгээж буй жирийн иргэнээс хамгийн түрүүнд ёс зүйгээрээ ялгарах ёстой.  Ингэхдээ Монголын сэтгүүлчдийн дагаж мөрдөх ёс зүйн зарчмаа мөрдөж, нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ биелүүлэх нь зүй.

Цахим сайтуудын мэдээ нь ёс зүйн зарчим зөрчөөгүй боловч түүн дотор хэрэглэгчдийн үлдээсэн ёс бус үг хэллэгтэй сэтгэгдлүүд байдаг. Үүнийгээ ч тухайн редакци өөрсдийн ажлын нэг хэсэг гэж үзээд хяналт тавьж байх хэрэгтэй” гэв.


Print
Save as JPEG
Save as PNG
CanvasJS.com


“Asia mining” сэтгүүлийн эрхлэгч С.Болд-Эрдэнэ, “Өнөө цагийн сэтгүүл зүйд мэдээний 5 асуултад хариулт өгөхөөс гадна өөр олон хүчин зүйлүүд хэрэгтэй болсон. Тухайлбал сэтгүүлч технологийн дэвшлийг ашиглан график хийж сурах шаардлага бий болжээ. Технологийн дэвшлийг ашиглан мэдээллийг багцалж уншигчдад илүү ойлгомжтой байдлаар хүргэх нь нийгмийн сүлжээнд мэдээлэл түгээгч нараас сэтгүүлч ялгарах онцлог болоод байна" гэв.



Форумаас гарсан санал зөвлөмжийг нэгтгэн боловсруулж Хэвлэл мэдээллийн редакциуд мөрдөх журам болгох аж.

ХМЗ-өөс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус форумд Фридрих Эбертийн сан ерөнхий ивээн тэтгэгчээр, Дойче Вилле академи, GoGo.mn, Монгол телевиз дэмжигч байгууллагаар оролцов.


Холбоотой мэдээ